2010 онд баталж, өдий хүртэл мөрдөж буй Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд “Эмийг импортлох, худалдах зорилгоор хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сурталчлах”, “Хүүхдэд хандсан эмийн сурталчилгаа явуулах” зэргийг хориглосон заалт бий. Тэгвэл УИХ-аас өнгөрсөн зургаадугаар сарын 5-нд баталсан Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 26 дугаар зүйл буюу “Эмийн зар сурталчилгаа” хэсэгт онцлог хэд хэдэн заалт оруулсан бөгөөд түүний дотор нийгмийн сүлжээгээр эм сурталчлахыг хоригложээ. Тодруулбал, 26.5.9-д нь эмийг цахим орчин дахь нийгмийн сүлжээгээр сурталчлахыг хориглосон заалт оруулсан. Шинэчилсэн хуулийг ирэх сарын 1-нээс мөрдөж эхлэх юм.
Цахим орчин хүрээгээ тэлэхийн хэрээр иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд янз бүрийн бараа, бүтээгдэхүүнийг олон нийтийн сүлжээгээр сурталчлан борлуулдаг болсон. Үүний дотор эмийн сурталчилгаа ч түгээмэл байдаг. Харамсалтай нь, ийм байдлын улмаас иргэд баталгаагүй, чанарын шаардлага хангаагүй эм, бэлдмэл авч хэрэглэх, цаашлаад эрүүл мэндээрээ хохирох тохиолдол ч гарсаар буй нь цахим орчинд эм сурталчлахыг хориглох шалтгаан болжээ.
Түүнчлэн Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад эмнэлгийн мэргэжилтэн эм сурталчлахыг хориглохоор заасан байна. Үүнээс гадна иргэн, хуулийн этгээд зар сурталчилгааны зөвшөөрөлгүйгээр эмийн сурталчилгаанд оролцох, дэмжих, сурталчлах, санхүүгийн дэмжлэг өгөх, авах зэргийг хориглосон байна. Инфлүүнсерүүд, олны танил хүмүүс эм, эмийн бүтээгдэхүүн сурталчилсан жишээ цөөнгүй бий. Тэгвэл ирэх сарын 1-нээс тэд эм, бэлдмэл сурталчилбал хууль бус үйлдэлд тооцогдох нь. Харин шинэчилсэн хуулийн 26.3-т “Эм, эмнэлгийн хэрэгслийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас олгосон зөвшөөрлийн хүрээнд тусгай зөвшөөрөлтэй үйлдвэр, ханган нийлүүлэх байгууллага, телевиз, радио, самбар, мэргэжлийн хэвлэл, албан ёсны цахим хуудсаар эмийн зар сурталчилгаа явуулна” гэж заасан байна.
М.ОЧ