Боловсрол, шинжлэх ухааны сайд П.Наранбаяр ерөнхий боловсролын сургуулиудын хүний нөөцийн дутагдлыг багшлах эрхийн 45 хоногийн сургалтаар нөхнө гэж мэдэгдсэн. Энэ нь багш нарын дургүйцлийг хамгийн их төрүүлсэн. Олон нийтийн сүлжээнд багшлах эрхийн сургалтыг эсэргүүцэж буй хүмүүсийн олонх нь багш нар байна. Тэгвэл тэдний эл “тэмцэл” Ерөнхий сайдад шаардлага хүргүүлтлээ эрчимжив. Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос энэ тухайгаа хэвлэлийн хурлаар зарлаж, багш нарын цалинг 1000 ам.долларт хүргэх, салбарын сайд П.Наранбаярыг огцруулах зэрэг шаардлага хүргүүлсэн. Хэрэв уг шаардлагыг хүлээж авахгүй бол багш нар өнөөдрөөс ажил хаяж, жагсаал цуглаан зохион байгуулна гэнэ. Бүр цаашлаад сайд руугаа “Өндөг шидэх байтугай чулуу нүүлгэчхэж ч магадгүй” хэмээн улайм цайм заналхийлжээ.
“Үнэн ба зөв” намын дарга А.Отгонбаатар өмнө нь шууд бичлэгийн үеэр сайд П.Наранбаяр луу өндөг шидэж, биед нь халдсан. “Гомдол гаргаагүй” гэсэн шалтгаанаар уг танхайн үйлдлийг цагдаагийн байгууллагынхан авч хэлэлцээгүй гэх. Тэгвэл багш нарын холбооныхон ч түүнийг ил цагаан заналхийлэв. Хүссэн нь бусдыг заналхийлж, биед нь халдаж байхад хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ёстой цагдаагийн байгууллагынхан яагаад хуруугаа ч хөдөлгөхгүй байна вэ. Урьдчилан сэргийлэх арга хэмжээ, хамгаалалт гэж хууль хяналтын байгууллагуудад байна уу, ингэхэд.
Нөгөөтээгүүр, шинэ Засгийн газрын хамгийн “хөдөлгөөнтэй” нь гэгдэж, салбарынхаа болж бүтэхгүйг шийдэхийн төлөө ажиллаж буй сайд П.Наранбаяр луу багш нар чулуу нүүлгэхдээ тулсан шалтгаан юу байна вэ. “Ковид-19”-ийн үед хүүхдүүд хоёр, гурван жил гэртээ “хоригдоход”, сургалт, хичээл нь доголдож, хоцрогдоход багш нар хаана, юу хийж байсан бэ? Сурагчдынхаа эрх ашиг, боловсролын төлөө тэд ганц үг ган хийсэн бил үү?
Багш нар нийгмийн үнэлэмж, цалин хөлсөө сайжруулахын төлөө дуугаралгүй л яах вэ. Гэхдээ тэд өмнөх сайд нар луу ингэж чичилж, өндөг, чулуу шидэхдээ тулж байгаагүй. Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоог үүсгэн байгуулагч нь УИХ-д жагсаалтаар сонгогдсон Ц.Мөнхтуяа гишүүн гэдгийг олон нийт анддаггүй юм билээ. Түүнийг багш нар болон холбооныхоо “аялдан дагагчдыг” турхирч, салбарын сайдыг санаатайгаар чичлээд буй хэмээн хардах хүн ч олон байна. Боловсролын салбарт хүний нөөцийн дутагдал, цалин хөлсний хангамж, хоцрогдол гэнэт өнөөдөр үүссэн асуудал биш. Олон жил угжирсаар ирэхэд нь хэлгүй мэт суусан багш нар гэнэт “ухаан орж”, бусдыг саналхийлэх зоригтой болчихлоо гэж үү. Ийм байж тэд хүүхдэд юу заах юм бол доо.