Нийслэлийн харьяа байгууллагууд Яармаг дахь шинэ цогцолбор луугаа нүүсэн. Үүнтэй холбоотойгоор “Хангарди” ордныг нийслэлийн өмчөөс төрийн өмчид шилжүүлэхээр шийдвэрлэжээ. Үүний хүрээнд нийслэлийн Өмчийн харилцааны газрынхан “Хангарди” ордны барилга болон тавилга, эд хогшил, тоног төхөөрөмж, хангамжийн материал зэрэг төрийн өмчид шилжүүлэх эд хөрөнгийн жагсаалтыг 13 тэрбум 763 сая төгрөгөөр үнэлсэн байна. Энэ талаар нийслэлийн ИТХ-аар хэлэлцэх үеэр “Хангарди”-ийг хэт багаар үнэлснийг зарим төлөөлөгч шүүмжилж байв.
Харин нийслэлийн Өмчийн харилцааны газрынхан “Холбогдох хууль, журмын хүрээнд нийслэлийн өмчийн “Хангарди” ордныг төрийн өмчид шилжүүлж байгаа. Уг барилгыг иргэн, аж ахуйн нэгжид бус, төрийн өмчид шилжүүлж буй тул баланст бүртгэлтэй дүнгээр тооцох ёстой” гэж тайлбарлав. Баланст бүртгэлтэй дүн гэдэг нь барилгыг анх ашиглалтад оруулсан 2008 оны үнэлгээ гэнэ. Ийнхүү нийслэлийн “Хангарди” ордныг газар эзэмших эрхийн хамт төрийн өмчид шилжүүлснээр Улсын дээд шүүхийнхэн байрлахаар болж буй юм байна.
М.ОЧ