Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд удаагүй байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү. Эдгээр асуултад хариулт өгч, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс “Өнөөдөр” сонин “126-гийн нэг” булан нээгээд байна. Энэ удаагийн парламентын 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон. Мөн түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй парламент гэхчлэн олон тодотголтой билээ. Парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгааг бид цувралаар танилцуулах болно.
Ерөнхий сайд асан гэх тодотгол насан туршид нь дагах хувьтай Н.Алтанхуяг гэдэг улс төрч Монголын улс төрд тод мөрөө үлдээн, унаж, босож яваа нэгэн. Ардчилсан үзэлтэй улс төрчдөөс цөөнгүй нь физикч, тэр тусмаа их сургуульд багшилж байгаад улс төрийг сонгосон байдаг нь тохиолдол уу, улс орны тухайн цаг үе, нөхцөл байдлын онцлог уу гэдэг сонирхол татдаг. Н.Алтанхуяг ч мөн МУИС-ийн Физик, математикийн факультет, Биофизикийн тэнхимд багшилж ардчилсан хувьсгалын үйл хэрэгт оролцож МСДН-ын удирдлагад ажиллах болжээ. Ингээд “Энэ өдөр” компанийн захирлаар ажиллаж байгаад УИХ-ын 1996 оны сонгуулиар гишүүнээр сонгогдсоноор төрийн өндөр албан тушаал хашиж эхэлсэн. Засгийн газар нэгэн парламентын хугацаанд дөрвөнтөө “хөрвөөсөн” тэр л цаг үед буюу 1998-1999 онд Засгийн газрын гишүүн, Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайдаар томилогджээ.
Мөн МСДН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад УИХ-ын 2000 оны сонгуульд оролцож, ардчиллынхны алдарт ялагдлын түүхийг бүтээлцсэн байдаг юм. Ялагдсаны дараах өдрүүд АН- ынханд янз бүрээр туссан ч Н.Алтанхуяг гэдэг улс төрчийн хувьд “Нэг алхам ухарч, хоёр алхам урагшил” гэдэг зарчмаар тухайн үед нийслэлийн хамгийн олон сонгогчтой, ядуурлын түвшин өндөр гэгддэг дүүргүүдийн нэг болох Сонгинохайрханы АН-ыг удирдаж, улмаар намынхаа ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллав. Өрсөлдөгч, эрх баригч нам ч бардамналын алдаа, барцад ихтэй байсан нь “зол болж” УИХ-ын 2004 оны сонгуулиар чамлахааргүй амжилт үзүүлж чадсан. Бодлогоор удирдсан Н.Алтанхуяг ч зохих ёсоор үнэлэгдэж, Сангийн сайдаар томилогдлоо.
УИХ-ын 2008 оны сонгууль түүнд ээлтэй байж, өөрөө ч сонгогдон, намаа ч удирдан ялуулав. Сонгуулийн дүн гэхээсээ илүү тухайн үеийн нөхцөл байдал хамтарсан Засгийн газар байгуулахаас аргагүйд хүргэж, нөгөөтээгүүр, эрх баригчдын башир арга, гэнэтийн санаачилгаар “стандарт бус” Засгийн газар байгуулах хүсэлтийг хүлээн авч, Тэргүүн шадар сайдаар томилогдсон юм. Оюутолгойн гэрээ, “Атрын аян” зэрэг томоохон төсөл, хөтөлбөрийг урагшлуулахын тулд тухайн үед АН, МАН-ынхан улс орны эдийн засагт нөлөөлөх олон ажлыг хийж байв. Гэтэл УИХ-ын 2012 оны сонгуулийн жил эхлэхэд АН-ын дарга Н.Алтанхуяг Засгийн газраас намаа гаргах мэдэгдэл хийчих нь тэр. Энэ нь ч УИХ-ын 2012 оны сонгуулийн ялалтын хөшүүрэг болж, улс төрийн өрөг дээр ямар гоё тоглолт хийж чаддагаа харуулсан юм.
Түүний уран нүүдэл өөрт нь ч үр дүнгээ өгч Ерөнхий сайдаар томилогдсон билээ. Сонгуулиас сонгуулийн хооронд тэр намын бодлогоо улам чамбайруулж, ялалтаа ахиулж, эрх мэдлээ нэмсээр сүүлчийн зогсоолдоо хүрсэн нь энэ. Гэвч түүний байгуулсан танхимынхан ч, тэдний намынхан ч төд удалгүй Н.Алтанхуягаас алсарсаар, нэг л мэдэхэд хамгийн том зовлонтой, олон “дайсантай” улс төрч болж хувирсан. Энэ байдал хоёрхон жил үргэлжилж улс орны гэхээсээ илүү нам доторх хурц зөрчил, фракц хоорондын дажнаас болж тэрбээр огцорсон. Маш бартаатай замыг туулсаар УИХ-ын 2016 оны сонгуультай золгоход тэрбээр зөвхөн “төрийн бус байгууллагын тэргүүн” гэдэг л албан тушаалтай үлдсэн байв. Гэвч огцорсны дараа ч түүнийг хууль хяналтын байгууллагуудаас амар тайван байлгахгүй байсан тэр цаг мөчид “шударга бусын хонгил” гэгч нэр томьёог олон нийтэд зарлаж байв.
2020 оноос хойших УИХ-ын сонгуулиуд түүнийг улс төрд хэрхэн хаширч, хэрсүүжиж, “миний хамгийн үнэнч нөхөр бол би” гэх зарчмаар “өөрийнхөө л төлөөх улс төр” гэдэг тактикаар амжилтад хүрч болдгийг харууллаа. Хэдийгээр улс төрд яригдаж л байдаг “хорчин” гэгддэг нь үгүйсгэх аргагүй ч улс төр “Ялалт л чухал. Ямар аргаар гэдэг нь хамаагүй” гэдэг бичигдээгүй зарчимтай. Маргааш тэр улс төрд хэн болох, ямар шийдвэр гаргахыг таашгүй. Ямартай ч албан тушаалын “хор” нь ч, хий нь ч гарсан улс төрч гэдэгтэй нь хэн ч маргахгүй биз ээ.
У.Оргилмаа