Төрөлхийн болон осол гэмтлийн улмаас гар, хуруу, хөл зэрэг эрхтнээ тайруулахаас өөр аргагүйд хүрсэн хүмүүст протезын талаарх мэдлэг, мэдээлэл хомс байдаг. Тэгвэл түүнийг орлуулах, тухайн хүний өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх зорилгоор “Сити” их сургуулийн Гоо сайхны ухааны сургуулийн дэргэд Монголын хамгийн анхны гоо сайхны залгамал, хиймэл эд, эрхтний протезын лаборатори нээжээ. Уг лабораторид хүний эд, эрхтнийг сканнердаж, 3D принтерээр хэвлэн, бэлдцээ гарган, герман технологиор үйлдвэрлэдэг аж. Одоогоор энэхүү технологиор хүний хуруу, гар, хөл, чих, хамар зэрэг эрхтнийг хийж буй гэнэ.
Протез хийхдээ тухайн хүний арьсны өнгө, биеийн онцлогийг бүрэн судалдаг учир төрөлхийн мэт харагддаг аж. Жишээ нь, хиймэл хуруунд силикон, акрилик хумс шигтгэдэг учраас будуулах, арчлах боломжтойгоороо онцлогтой. Мөн хурууны үеүдэд төмөр хийдэг учир базах, барих гэх мэт хөдөлгөөн хийж чадах нь. Лабораторийн эрхлэгчээр “Сити” их сургуулийн Гоо сайхны ухааны сургуулийн мэргэжлийн нүүр хувиргалтын ахлах багш Г.Хос-Эрдэнэ ажиллаж буй гэнэ. Тэрбээр Хятад, Орос, Солонгос улсад мэргэжил дээшлүүлжээ.
Б.ЭНХЗАЯА