Нийслэлийн Байгаль орчны газраас уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй экосистемийг бий болгож, ой хамгааллын болон нөхөн сэргээлтийн тогтвортой менежментийг хэрэгжүүлэх төлөвлөгөөт арга хэмжээний хүрээнд 10 га газарт ойн зурвас байгуулжээ. Уг ажлыг Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг, Гачуурт голын хөндийн Бага шарын хоолой дахь Бэрх төгөл хэмээх газарт хийсэн аж. Бэрх төгөл орчмыг төвлөрөл, суурьшлын бүс болохоос сэргийлэх, хүлэрт намаг бүхий экосистемийг нь хамгаалах зорилгоор нийслэлийн ИТХ-ын 29 дүгээр тогтоолоор 2019 онд орон нутгийн тусгай хамгаалалтад авч байжээ. Тэгвэл тусгай хамгаалалтад авсан нийт газрын 10 хувьтай тэнцэхүйц, эрчимтэй доройтож буй, Гачуурт голын эх орчмын 10 га талбайд эхний ээлжид модлог ургамлаар ойн зурвас байгуулсан юм байна. Түүнчлэн голын эх орчмыг хүн, малын хөлөөс хамгаалахаар хашаалжээ.
Модлог ургамал нь голын татам, хүлэрт намгийг хамгаалах амьд “хашлага” болдог ч ургаж гүйцэн, үүргээ гүйцэтгэх хүртэл нь хашаалах нь зүйтэй гэдгийг мэргэжилтнүүд онцлов. Уг ажлын санхүүжилтийг нийслэлийн төсвийн хөрөнгөөр шийдсэн бол гүйцэтгэгчээр ойн мэргэжлийн үйл ажиллагаа явуулдаг “Нүри” ХХК-ийнхан ажиллаж, 10 га талбайд 13 000 гаруй бортоготой мод тарьжээ. Ойжуулалттай холбоотой өөр нэг мэдээ дуулгахад, “Оюу толгой” ХХК жилд 500 мянган тарьц, суулгац нийлүүлэх хүчин чадалтай мод үржүүлгийн газрыг Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумд байгуулснаа өчигдөр нээв. Тус компани нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлж байгаа “100 сая мод” хөтөлбөрийнхөө хүрээнд үүнийг хийсэн бөгөөд цаашид Ханбогд, Манлай, Баян-Овоо, Сэврэй сумд яг энэ жишгээр мод үржүүлгийн газар байгуулахаар төлөвлөжээ.