Эрүүл мэндийн даатгалын сангаас хувийн хэвшлийн зарим эмнэлэгт олгох санхүүжилтийг зогсоогоод зогсохгүй тус сан алдагдалтай ажиллаж буй нь аудитын байгууллагын шалгалтаар тодорхой болсон. Тодруулбал, эл сангийн өр өнгөрсөн онд 218.3 тэрбум төгрөгт хүрснийг Үндэсний аудитын газраас тогтоосны 87.6 хувь нь төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагад төлөх төлбөр байгаа юм. 2022 онд ч энэ өр төлбөр 60.5 тэрбум төгрөг байсан.
Ийнхүү Эрүүл мэндийн даатгалын сан алдагдалтай ажиллаж буйн цаад шалтгаан нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ)-ын албан тушаалтнууд хууль зөрчсөн байж болзошгүйтэй холбоотой гэж аудитын байгууллагаас дүгнэсэн юм билээ.
Үүнээс улбаалан ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэнг АТГ-ынхан шалгаж эхэлжээ. ЭМДЕГ-т ажилладаг эх сурвалжуудын мэдээлснээр өчигдөр түүний албан өрөөнд нэгжлэг хийж, хойшлуулшгүйгээр саатуулахаар АТГ-ынхан авч явсан гэнэ. Харин АТГ-ынхан энэ талаар тодорхой мэдээлэл өгөхийг хүссэнгүй.
Л.Бямбасүрэнгийн хувьд 2016 оноос Эрүүл мэндийн дэд сайдаар ажиллаж байгаад 2020 оны есдүгээр сард Засгийн газрын хурлаар ЭМДЕГ-ын даргын албан тушаалд томилогдсон билээ.