Нийслэлийн цэцэрлэгийн хоёрдугаар шатны цахим бүртгэлийг “И-Монголиа” системээр хүлээн авч дууслаа. Энэ удаад 2-5 насны 7898 хүүхэд хүсэлт илгээсэн байна. Хүүхдүүдийн 2377 нь хоёр, 1854 нь гурав, 1922 нь дөрөв, 1745 нь таван настай аж. Хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаарх мэдээллийг эцэг, эх, асран хамгаалагчийн гар утсанд өчигдрөөс илгээж эхэлсэн бөгөөд хуваарилалтыг гурав хоногт багтаан гаргах гэнэ.
Улсын хэмжээнд 292 359 хүүхэд цэцэрлэгт хамрагдахаас 142 150 нь нийслэлд харьяалалтай байна. Цэцэрлэгийн нэгдүгээр шатны цахим бүртгэлд нийт хамрагдах ёстой багачуудын 73.2 хувь буюу 104 415 нь бүртгүүлсэн юм. Харин хоёрдугаар шатанд бүртгэлээс хоцорсон болон түр оршин суугчдын хүүхдүүд хамрагджээ.
Ташрамд дуулгахад, энэ хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролд хөгжлийн бэрхшээлтэй 1338 хүүхэд хамрагдаж байна. Тэдний 523 нь аутизм, 96 нь дауны хам шинжтэй, 54 нь оюуны, 60 нь сонсгол, 29 нь сэтгэц, 239 нь хавсарсан, 41 нь хараа, 262 нь хөдөлгөөн, 34 нь хэл ярианы бэрхшээлтэй ажээ.
Ч.ТУЯА