-Оршуулга нь тухайн цаг үеийн нийгэм, улс төр, эдийн засаг, байгаль орчин, шашны зан үйлийг бүхэлд нь багтаадаг гэдэг шүү дээ. Тэгвэл оршуулгын зан үйл хаанаас үүсэлтэй болон өмнө нь ямар байсан талаар тайлбарлахгүй юу?
-Аливаа улс үндэстний оршуулгын зан үйл нь тухайн ард түмний ахуй амьдрал, ертөнцийг үзэх үзэл, нийгмийн зохион байгуулалт, соёлын онцлогийг илэрхийлэх өвөрмөц судлагдахуун юм. Талийгаачийг оршуулах, нутаглуулах арга хэлбэр нь тухайн ард түмний сүсэг бишрэл, хойд насны тухай төсөөлөл зэрэг олон зүйлээс хамааралтай. Монголын түүхэнд оршуулгын ямар хэлбэрүүд байсан, тэдгээр нь хэрхэн уламжлагдаж ирсэн, уламжлалт зан үйлийг орчин үеийн техник, технологитой хэрхэн хослуулах вэ гэдэг асуудал судлаачдын анхаарлын төвд байна. Монголчууд эрт үеэс оршуулгын ёслолд хүндэтгэлтэй хандаж ирсэн. Ингэхдээ оршуулгын ёслолыг өөрсдийн ураг удам, овог аймгийн хэмжээнд гүйцэтгэдэг байв. Оршуулга нь хүн бүрд л тохиолдох үйл явдал. Гэвч бүгд л үүнийг ярихаас цээрлэдэг байж.
Нийслэл хүрээнд иргэд олноор суурьших болсонтой холбогдуулан оршуулга нийгэмд нэлээд хүндрэл учруулсан байдаг. Тиймээс төрийн мэдлийн оршуулгын үйлчилгээ эрхэлдэг анхны байгууллагыг 1955 онд байгуулжээ. Харин 1990-ээд онд Монголд өрнөсөн нийгэм, эдийн засгийн өөрчлөлтийн нөлөөгөөр оршуулгын уламжлал зарим талаар орхигдож, эмх замбараагүй байдал бий болсон. Тиймээс үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг асуудал зүй ёсоор тулгарчээ. Үүний дагуу бид төрийн зүгээс бодлогын түвшинд юу хийж байна, хүмүүс ямар зан заншлыг эрхэмлэдэг болов зэргээр судалж эхэлсэн. Оршуулгын үйлчилгээ эрхэлдэг байгууллагууд ч түүхээ судлах ёстой, энэ зан үйл хаанаас эхтэй, ямар уламжлалтай байсныг мэдэх хэрэгтэй болсон. Учир нь иргэдийн дунд мухар сүсэг газар авсан юм. Манай байгууллагынхан ч энэ талын судалгааг тогтмол хийж байна.
-“Монголчуудын оршуулгын зан үйл: Уламжлал, орчин үе, чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал уржигдар болсон шүү дээ. Уг хурлаар ямар асуудлууд хэлэлцэв, гол зорилго нь юу байв?
-МУИС-ийн Түүхийн тэнхим, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон “Буяны зан үйлийн холбоо” төрийн бус байгууллагынхан хамтран таван удаа эрдэм шинжилгээний хурал хийлээ. Энэхүү хурлын гол зорилго нь археологийн олдвор, түүхийн баримт бичигт үндэслэн оршуулгын ямар хэлбэрүүд өмнө нь байсан, тэдгээр нь өдгөө хэрхэн уламжлагдан ирсэн болон цаашдын чиг хандлагыг нь тодорхойлох юм.
Бид олон удаагийн цуврал эрдэм шинжилгээний хурлын үр дүнд монголчуудын оршуулгын долоон хэлбэр буйг тогтоосон. Энэ нь онголох, бунхлах, харвах, занданшуулах буюу сахиуслах, ил тавих, булж оршуулах, чандарлах хэлбэр юм.
-Манай уламжлалд дээрх хэлбэрүүдээс аль нь түгээмэл байсан бол?
-Монголын түүхийн эрт, дунд үед талийгаачийн шарилыг чандарлах, булж оршуулах, ил тавих, занданшуулах нь түгээмэл байсан бөгөөд өдгөө ч уламжлагдсан хэвээр байна. Харин нийгмийн хөгжлийн явцад талийгаачийн шарилыг хадны хөмөг, агуй зэрэгт оршуулах уламжлал гээгдэж, чандарлах арга хувьсан өөрчлөгдөж иржээ. Тухайлбал, чандарлах хэлбэр эртнээс улбаатай. Үүнийг маш олон баримтаар нотолдог. Монголын нутаг дахь археологийн дурсгал болон түүхийн эх сурвалжаас үзэхэд язгууртан ноёд, хатад, бөө, зад баригч, буддын шашны лам хувраг хүмүүсийг өөд болсны дараа шарилыг нь чандарладаг байж. Жишээлбэл, Булган аймгийн Баяннуур сумын нутаг Улаан хэрмийн Шороон бумбагарын бунхны доторх талийгаачийн оршуулгаас торгон уутанд хийсэн чандар олдсон. Энэ нь МЭӨ VII зуунд хамаарах олдвор. Түүнчлэн Хархорум хотын ойролцоох Маамуу толгой хэмээх газраас ХIV зууны үед хамаарах олдвор илрүүлж байлаа. Ер нь манайд эрт үеэс чандарлан оршуулах зан үйл байсныг эдгээр баримтаар баталж болно.
1990-ээд оны үед Улаанбаатар хотыг тойрсон оршуулгын газрууд эмх замбараагүй болсон. Үүнтэй холбоотойгоор чандарлан оршуулах хэрэгцээ шаардлага гарсан юм. Энэ нийгмийн хэрэгцээнд үндэслэн 2004 онд анх “Улаанбаатар буян” компани сүүлийн үеийн тоног төхөөрөмж оруулж ирж, чандарлах болсон. Хүн ам төвлөрсөн, хот суурин газрын хувьд талийгаачдын шарилыг чандарлан оршуулах хэрэгцээ байсаар ирсэн. Тухайлбал, Улаанбаатар хотын Нарангийн энгэрт гар аргаар буюу тоосгоор зуух барьж чандарласан баримт цөөнгүй бий. Бид олон улсад чандрыг хэрхэн хадгалдаг талаар багагүй судалж, найман аргаар оршоож байгааг тогтоосон. Тухайлбал, хөрсөнд, суваргад, нийтийн бунхан, сүм хийдийн хананд залдаг. Мөн сүүлийн үед “Нэг мод, нэг чандар” аян өрнүүлэх болжээ. Түүнчлэн гэр бүлийнхэнтэй нь хамт болон нийтийн зэрэг нийт найман аргаар чандрыг оршоодог.
-Гэхдээ л монголчуудын дийлэнх нь чандарлаж оршуулахыг чухалчилдаггүй шүү дээ.
-Түүхийн сурвалж бичиг ба ардын аман зохиолоос үзэхэд эртний монголчууд бурхан болоочоо газар булж оршуулдаг заншилтай байсан. Судалгаанаас үзэхэд язгууртны болон жирийн иргэдийн гэж хоёр ангилдаг байж. Ер нь орон нутгаар явахад булш, археологийн баримт маш олон үлдсэн байдаг. Энэ хэлбэр эрт цагаас уламжлагдаж ирсэн бөгөөд төрөөс зохицуулдаг байсан тухай түүхэн баримт бичигт цөөнгүй дурдсан. Тухайлбал, “Монгол цаазын бичиг”, “Зарлигаар тогтоогдсон Монгол Улсын хууль зүйн бичиг” зэрэг хуучны баримт бичгээс оршуулгыг төрөөс хэрхэн зохицуулдаг байсныг мэдэж болно.
1929 онд анх Аливаа наснаас нөгчсөнийг нутаглуулах тухай дүрмийг боловсруулсан. Ингэснээр нас барагсдыг зүүн, баруун Алтан-Өлгий дэх хэмжээлэн тогтоосон газарт нутаглуулахаар болгожээ. Энэ нь төрөөс оршуулгыг эмх цэгцтэй болгоход чиглэсэн чухал арга хэмжээний нэг. Түүхийн сурвалжуудаас үзэхэд баруун Алтан-Өлгий нь одоогийн Самбалхүндэвийн оршуулгын газар бөгөөд тухайн үеийн хэмжээлэн тогтоосноор 76 орчим га газрыг хамардаг. Харин зүүн Алтан-Өлгийнхийг 66 орчим га газар байхаар тогтоосон байдаг.
Үүний дараа 1956 онд үхэгсдийг оршуулах тухай журнал гаргажээ. Энэ журналд тухайн хүнийг хаана оршуулсан, нас, хүйс, нэр зэргийг нарийн бүртгэсэн. Гэхдээ эл журналыг 1990-ээд оноос хойш хөтлөөгүй. Энэ нь өдгөө оршуулгын газар эмх замбараагүй болох үндэс юм. Одоогоор нийслэлийг тойрсон 20 орчим оршуулгын газар бий. Энэ нь 800 гаруй га газрыг эзэлдэг. Үүнээс одоогоор 160 орчим га газрынх нь нөөц дуусаж, хаагдсан. Мөн ашиглах боломжгүй 300 гаруй га газар бий. Тэгэхээр Улаанбаатар хот хаяагаа тэлж хөгжихөд оршуулгын газрууд тулах магадлалтай гэсэн үг. Зөвхөн нийслэл төдийгүй орон нутагт ч оршуулгын газар асуудал дагуулсан хэвээр
байна. Тиймээс үүнийг хуулиар зохицуулах зайлшгүй шаардлагатай. Улаанбаатарын нутаг дэвсгэрт оршуулга хэрхэн хийхийг нийслэлийн ИТХ-аас баталсан журмаар зохицуулж буй. Мөн Оршуулгад хамаарах үйлчилгээ, ерөнхий шаардлага гэсэн эрх зүйн хоёр баримтаар зохицуулж байгаа. Улсын хэмжээнд ийм үйлчилгээ үзүүлэх бүртгэлтэй 80 гаруй аж ахуйн нэгж бий. Тэдгээрээс 20 орчим нь идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс 16 байгууллага нь “Буяны зан үйлийн холбоо” төрийн бус байгууллагын гишүүн юм.
-Улс үндэстэн бүр өөрсдийн гэсэн оршуулгын зан үйлтэй. Гэтэл сүүлийн үед дэлхий даяаршиж байна гэх нэрийн дор орон орны ёс заншлыг хооронд нь “хольж хутгах” болсон. Ингэснээр уламжлалт оршуулгын зан үйлээ алдагдуулаад байх шиг. Үүний тухайд та ямар байр суурьтай байдаг бол?
-Тухайн улс үндэстэн бүр өөрсдийн гэсэн зан заншил, соёл, дэгтэй. Оршин буй газар нутгийн хэмжээ, байгаль, цаг уурын онцлогоос хамааран өөр өөр байдлаар оршуулж болно. Газар нутгийн хэмжээ бага Япон, Хонконг зэрэг оронд чандарлах зан үйл 98-99 хувьтай байгаа. Мөн БНХАУ-ын нийслэл Бээжинд л гэхэд заавал чандарлах дүрэм гаргасан.
-Өнөөгийн нөхцөлд хамгийн тохиромжтой оршуулгын зан үйл юу вэ?
-Оршуулгын хэлбэр нь бурхан болоочийн ар гэрийнхний сонголтын асуудал юм. Ихэвчлэн ламаар алтан хайрцаг, шинжээ нээлгэдэг шүү дээ. Ерөнхий зааварчилгааг тэндээс авдаг. Ер нь олон улсын хэмжээнд аль болох байгаль орчинд ээлтэйгээр шийдвэрлэхийг санал болгодог юм. Чандарлахыг олон улсын хэмжээнд ногоон оршуулга гэж үздэг. Сүүлийн үед чандрыг нь хүртэл багасгах олон төрлийн технологи гараад байна.
-Чандарлан оршуулах нь ямар ач холбогдолтой бол?
-Чандарлах нь хамгийн эко арга. Тухайн хүн ямар нэгэн халдварт өвчтэй байсныг үгүйсгэх аргагүй. Сүүлийн үед хавдрын өвчлөл нэмэгдэж, химийн тариа хийлгэх нь ихэссэн. Гэтэл эдгээр нь газрын хөрсөөр дамжин халдвар тараах эрсдэлтэй шүү дээ. Тэгэхээр олноороо суурьшин амьдарч буй бүс нутагт чандарлан оршуулах нь тохиромжтой.
-Манайхны гаргаж буй нийтлэг алдаа юу вэ?
-Оршуулга хүний амьдралд зайлшгүй тохиолдох зүйлийн нэг. Гэр бүлийн хувьд хамгийн ахмад нь уг ёслолыг удирдан явуулдаг нийтлэг жишигтэй. Харин өдгөө иргэд ихэвчлэн сүм, хийдэд очиж алтан хайрцаг, шинжээ нээлгэх нь түгээмэл болжээ. Гэр бүлийн нэг гишүүн нь алтан хайрцгийг нь нээлгэхэд нөгөөд нь таалагддаггүй. Тэгээд л өөр газарт очоод дахиад нээлгэчихдэг. Тэдгээр нь хоорондоо зөрнө. Угтаа алтан хайрцаг, шинжээ нь нэг л байх ёстой. Гэхдээ зөвхөн нэг бус, олон төрлийн судар номоор алтан хайрцаг, шинжээг нээж байгаа. Тиймээс л зөрүү гарч байгаа юм. Үүнээс болж гэр бүлд маргаан үүсэх нь ч бий. Нэг нь чандарлана гэхэд нөгөөх нь булж оршооно гэх мэтээр санал зөрөлдөнө. Эдгээрээс үүдэн оршуулга хийхэд хүндрэл үүсдэг. Зөвхөн гэр бүл бус, оршуулгын үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудад ч хүндрэлтэй.
-Сүүлийн үед буяны зэд тараах нь түгээмэл болсон. Гэтэл зарим хүн үүнийг манай уламжлалт оршуулгын зан үйлд байгаагүй, гаднын соёл гэх болж. Энэ үнэн үү?
-Хамгийн сүүлийн үеийн буюу олноо өргөгдсөн оны баримтуудаас харахад оршуулга хийж болно, ингэхдээ хийсэн хүнд нь нэг янчаан 50 мөнгө өгнө гэсэн байдаг. Үүнээс өмнөх судалгаануудад яс барьсан хүнд халзан цагаан эрэг нэгийг өгнө гэх зэргээр гарын барьц өгдөг байсан. Гэхдээ одоогийнх шиг ирсэн хүн бүрд гарын саван, чүдэнз, лаа өгч байгаагүй. Энэ нь цаг хугацааны явцад хэн нэгэн нь зохиосон зүйл болж таарч байна.
-Нэг, гурав, тав дахь буюу сондгой тоотой өдрүүдэд оршуулах ёслол үйлддэг. Яагаад сондгой тоотой өдөр оршуулах зан үйл үлддэг талаар тайлбарлахгүй юу?
-Төр засгаас зөвхөн эдгээр өдөр л оршуулга хийнэ гэсэн захирамж байхгүй шүү дээ. Мөн алтан хайрцаг, шинжээ нээхэд ч заавал сондгой тоотой өдрүүдэд оршуулна гэж заагаагүй. Түүхийн баримтуудаас харахад, Улаанбаатар хотын захиргаанаас 1956 онд гаргасан шийдвэрт тавдугаар сарын 1-2 ба долоодугаар сарын 11-12, арван нэгдүгээр сарын 7-8-нд оршуулгыг гүйцэтгэхгүй гэж заасан байдаг. Долоо хоногийн сондгой өдөр оршуулгын ёслол үйлдэх тухай албан ёсны баримт, түүхийн сурвалж бичиг бид олж үзээгүй байна.
У.ЦЭЦЭГСҮРЭН