Баруун бүсийн аймгуудын цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хоол зүйч, тогооч нар малын дотор мах, дайвар түүхий эд ашиглан шинэлэг жор, технологи боловсруулан өрсөлджээ. Уг уралдааныг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагынхан санаачилж, Боловсролын ерөнхий газар, Ховд аймгийн Боловсролын газар, “Шинэ Ховд баруун бүсийн хөгжлийн корпорац” ОНӨААТҮГ-ынхантай хамтран хоёр үе шаттайгаар зохион байгуулсан юм байна. Нэгдүгээр шатанд 112 хоол зүйч, тогооч оролцсон аж. Сүүлийн буюу хоёрдугаар шатны уралдаан Ховд аймгийн “Цаст-Алтай” сургуульд болж, шилдэг 30 оролцогч буюу дөрвөн хоол зүйч, 26 тогооч өрсөлджээ. Тэднээс зуушны төрөлд Увс аймгийн IV сургуулийн тогооч Т.Адьяа чацарганаар баяжуулсан, зөөхийн сүмстэй сархинагийн салатаараа тэргүүлсэн байна. Шөлтэй хоолны төрөлд Ховд аймгийн “Цаст-Алтай” сургуулийн тогооч Б.Отгонцэцэг шар хулуу, дэлүүний зутангаараа тэргүүн байр эзэлсэн аж. Үндсэн хоолны төрөлд Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын ерөнхий боловсролын сургуулийн ахлах тогооч Т.Алтантуяа уушгины ороомгоороо шилдгээр шалгарав. Уралдааны үр дүнд хүүхдийн нас, биеийн онцлогт тохирсон, шим тэжээл өндөр, шинэлэг жор, технологиуд гаргасныг зохион байгуулагчид онцоллоо.
М.ОЧ