Ес дэх удаагийн сонгуулиар сонгогдсон УИХ-ын гишүүний зөвлөх, туслахууд болон УИХ дахь намын бүлгүүдийн ажлын албаны ажилтнуудад зориулсан сургалтыг УИХ-ын Тамгын газраас өчигдөр зохион байгууллаа. Энэхүү сургалт нь УИХ-ын гишүүдийн зөвлөх, туслахууд, намын бүлгийн ажилтнуудад чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь шаардлагатай мэдлэг, мэдээлэл олгож, арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилготой юм. Энэ үеэр УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж УИХ-ын Тамгын газрын бүтэц, зохион байгуулалт, чиг үүргийн талаар дэлгэрэнгүй танилцуулснаар сургалт эхэлж, Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Баатарсайхан төрийн албан хаагчид тавигдах шаардлага, ёс зүй, улс төрийн албан тушаалтны онцлог, анхаарах асуудлын талаар ярилаа.
Мөн Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэр, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл хийв. Түүнчлэн УИХ-ын Тамгын газрын Тэргүүн дэд дарга Ч.Ариунхур хуулийн төсөл боловсруулахаас эхлээд эцэслэн батлах үе шат хүртэлх үйл ажиллагааны талаар, Тамгын газрын дэд дарга Э.Лхагва хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах үйл ажиллагаа, анхаарах асуудлын тухай танилцуулга хийсэн нь үр дүнтэй боллоо. Сургалтад оролцогчид УИХ-ын хянан шалгах үйл ажиллагааны хэлбэр, тодорхой асуудлыг шалган судалж санал, дүгнэлт гаргах, хэрэгжүүлэх талаарх аргачлал, зөвлөмж авч, Гадаад харилцааны газартай хэрхэн харилцаж үйлчилгээ авах, Хуралдаан зохион байгуулах хэлтсийн чиг үүргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авсан юм.