Багшлах эрхийн гэрчилгээ олгох болон үүнтэй холбогдох үйл ажиллагааны журам гарсантай холбоотойгоор Боловсролын сайд П.Наранбаяр өчигдөр мэдээлэл өгөв. Тэрбээр “Улсын хэмжээнд 4200 орчим багш дутагдалтай байна. Байгалийн ухаан болон англи хэлний багшийн хомсдол хамгийн их. Тухайлбал, англи хэл 11, физик, хими 10, технологийн багш нарын есөн хувьд нь дутагдал үүссэн. Эдгээрээс гадна математикийн чиглэлээр гадаад, дотоодын их, дээд сургуулийг 2.7-гоос доошгүй голч дүнтэй төгссөн хүнийг багшаар ажиллахыг урьж байна. 45 хоногийн сургалтад сууснаар багшлах эрхтэй болох юм. Цаашид үндсэн багшаар ажиллах бол тусгай шаардлага тавина. Сургуулийн удирдлагуудтай уулзахад багшийн хомсдолыг хурдан шийдэж өгөөч, сонгон шалгаруулах бус, ирсэн хүн бүрийг ажилд авдаг” гэж ярьж байна. Тиймээс гадаад, дотоодын их сургуулийг амжилттай төгссөн, багшлах хүсэлтэй хүмүүст энэ зах зээлийг нээж өгөх нь зүйтэй.
Дэлхийд ийм жишиг цөөнгүй. Ингэснээр багшийн ачаалал буурна. Ачааллыг бууруулснаар чанартай боловсролын тухай ярина. Нэг ангид 44-өөс дээш хүүхэд сурч буй тохиолдолд багшийн туслах ажиллуулах журам, тушаал гарсан. Хэрэгжүүлэх шатандаа явж байна” гэв. Мөн 2028 оноос дундаас дээш ангийн сурагчийн тоо өсөх гэнэ. Харин 2030 онд сургуульд сурах хүүхдийн тоо тогтворжиж, түүнээс хойш буурах ажээ. Улсын хэмжээнд төрийн албанд 226 мянган хүн ажиллаж буйн 126 мянга нь боловсролын салбарынх аж. Багш, ажилтнуудын цалинг нэмэх саналыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд тасралтгүй явуулж буйг хурлын үеэр дуулгасан юм.
Ташрамд дуулгахад, энэ оны хоёрдугаар сард ЮНЕСКО-гоос гаргасан тайланд 2030 он гэхэд дэлхий даяар 44 сая багшийн эрэлт үүсэх гэнэ. Үүнээс гадна хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтнүүд, цагдаа, эмч, ялангуяа лабораторийн ажилтан, сувилагчийн хомсдол нүүрлэжээ.