“Бордюр солихыг эсэргүүцээд байвал зам засах ажлаа бүрэн зогсооё”. Ийм агуулгатай мэдээллийг нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар өчигдөр олон нийтэд өгөв. Тэр бүү хэл, хотын даргын давуу эрхээ ашиглан нийслэлийн ЗДТГ-ын албан ёсны ulaanbaatar.mn цахим хуудсаар дамжуулан “Зам засварын ажлыг зогсоохыг та дэмжиж байна уу” гэсэн санал асуулга эхлүүллээ. Энэ санал асуулга иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрхийг илт хязгаарласан буюу “Тийм”, “Үгүй” гэх хоёрхон хариулттай байгаа нь харамсалтай. Уг нь Улаанбаатар хотын иргэдийн дийлэнх нь дээрх асуултад “Бордюр солих биш, зөвхөн замаа л засъя” гэж хариулах хүсэлтэй байна.
“Үндэсний аудитын байгууллага болон АТГ-аар зам засвар, бордюрын төсөв зах зээлийн бодит ханштай нийцэж байгаа, эсэхийг шалгуулахтай холбоотойгоор санал асуулга эхлүүлсэн” гэх маш “цэвэрхэн”, гэмгүй мэт үндэслэлийг нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар дурджээ. Бас “Энэ жил нийт 87 замын ажил хийхээс дөнгөж 27 нь бүрэн дууссан. Бусад ажил нь эхлэх болон эхлэхийн өмнөх шатандаа яваа. Тэгэхээр Улаанбаатарт 60 зам хучигдахгүй үлдэнэ” гэж улаанбаатарчуудыг “сүрдүүлэхээ” ч мартсангүй.
Иргэд уг нь замын ажлыг зогсоох талаар ер яриагүй. Ачаалал, хөдөлгөөн ихэссэн үеэр зам зассанаас болж түгжрэл илт нэмэгдсэн ч олон нийт үүнд маш хүлээцтэй хандаж байгаа. Харин зүв зүгээр байсан бордюруудыг хуулж хаяад, шинийг суурилуулаад буйг л шүүмжилсэн билээ. Бас бордюр хуулахдаа авто болон явган хүний замыг ч эвдчихээд засаж, сайжруулахгүй орхисныг л буруутгасан. Яг ийм байр суурийг олон иргэн өчигдөр цахим орчинд илэрхийлж байлаа. Тухайлбал, хуульч О.Батхүү “Зам засахыг хэн ч эсэргүүцээгүй. Харин зүгээр шахам бордюрыг солихыг эсэргүүцэж байгаа юм. Бордюр солихдоо авто зам эвдэж, явган хүнийхийг давхар сүйтгэж байна. Хотод алхах улам бүр хэцүү боллоо. Зам засварын ажлыг зун хийхгүй, ажил, сургууль эхлэх үед явуулж байгаа нь түгжрэл үүсгэх шалтгаан болсон. Ухаж онгойлгосон зам дээр ажил хийдэг хүн алга. Хагархай, нүхтэй зам олон байхад нөхдөггүй. Шинээр тавьсан замд ус зайлуулах систем алга. Энэ нь замын насжилтад муугаар нөлөөлнө. Хэн бүхний нүдэнд ил тод зүйлийг бичихээр улстөржсөн гэж болохгүй. Энэ хот ганцхан Х.Нямбаатарынх биш, бид бүгдийнх” гэж твиттерт бичсэн байлаа.
Гэвч хотын дарга иргэдийн эсэргүүцлийг илт мушгин гуйвуулсаар байгаа нь орон нутгийн сонгуулийн “халууралтай” нь холбоотой бололтой. Өөрөөр хэлбэл, сонгуулийн өмнө элдэв асуудалд орооцолдохгүйн тулд тэрбээр ийнхүү “гал унтраах” арга хэмжээ авах нь гэж хардахад хүргэв. Учир нь Х.Нямбаатар “Нийслэлийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшиж буйхүмүүс хотын удирдлагын багийн үйл ажиллагааг харлуулж байна. Ажил хийхдээ төлөвлөнө, судална, зургаа зурна, батлуулна, магадлуулна гээдолон үе шат дамждаг. Өөрөөр хэлбэл, замын бордюрыг солих уу, үгүй юү гэдгийг мэргэжлийн байгууллагууд шийднэ. Тэдний баталсан зураг төсвийн дагуу тендер зарладаг. Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын даргаар ажиллаж байсан хүмүүс бродюрын “мафи” гэдэг сэдэв гаргаж, олон нийтийг турхираад, ажил хийлгэхгүй байна” гэж онцолсон юм.
Бас тэрбээр “З.Энхболд үүр шөнийн заагаар чулуун бродюр цохиж хагалаад, зураг авчхаад явсан” гэж дурдсан нь олны доог тохуу болов. Хариуд нь УИХ-ын дарга асан З.Энхболд “Бордюр хагалаагүй” гэж мэдэгдээд ч амжлаа. Энэ намрын онцлох сэдэв болсон бордюр ийнхүү хэрүүлийн алим “шидсээр” байна. Цаашид хэрхэхийг ирэх өдрүүдэд өрнөх үйл явдлууд бидэнд харуулах биз ээ. Ямартай ч нийслэлчүүд бордюр солихыг эсэргүүцсэн хэвээрээ байгааг Х.Нямбаатарт дахин сануулъя.