-Өдөрт дунджаар 15 ураг эндэж байна-
Жишээ 1
-Би 2007 онд өсөлтгүй жирэмслэлт гэж оношлогдон, ихэр хүүхдээ алдсан юм. 23 настай миний хоёр дахь жирэмслэлт байлаа. Жирэмсний эхний гурван сар хүртэл ямар нэгэн асуудалгүй, ураг хэвийн өсөж бойжсон. Гэтэл дөрвөн сартайд гэнэт гэдэс огцом томорч, бөөр, давсаг орчмоор зангирч хатуурч өвдөж эхэлсэн юм. Сүүлдээ сууж, унтаж чадахгүй, жирэмсний хордлого ихээр өгөв. Ингээд ЭХО-д харуултал хүүхдийн зүрхний цохилт мэдэгдэхгүй, өсөлтгүй болжээ гэсэн. Анхны хүүхэд минь эрүүл саруул төрсөн. Төрсний дараа хоёр жил орчим жирэмслэхээс хамгаалах тариа хийлгэсэн юм. Түүнээс хойш сарын тэмдэг ирэхгүй, маш их турсан. Энэ бүхний хор уршиг хожим ураг өсөлтгүй болоход нөлөөлсөн байх гэж боддог.
Жишээ 2
-2018 онд 32 настай байхдаа өсөлтгүй жирэмслэлт гэх шалтгаанаар мэс ажиллавар хийлгэсэн. Савны ургацаг буюу хоргүй хавдартай байснаа мэдэлгүй жирэмсэлсэн байв. Эмч нар ураг өсөх боломжгүй, өссөн ч цус алдах, зулбах эрсдэлтэй гээд мэс ажиллавар хийлгэхийг зөвлөсөн юм. Үүний дараахан цус алдаж, халуураад яаралтай түргэн тусламжаар Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ)-д хэвтсэн. Мөн миний эгч гурван удаа өсөлтгүй жирэмсэлсэн. Эгч минь анхны хүүхдээ төрүүлснээс хойш олон жилийн дараа жирэмсэлсэн ч ураг нь дараалан өсөлтгүй болсон. Саяхан танил дүүгийн минь хүүхэд мөн хэвлийдээ эндлээ. Энэ мэтээр эргэн тойронд минь хүүхдээ хүн болгож чадалгүй алдсан эмэгтэйчүүд цөөнгүй.
“ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНД СУДАЛГАА ХИЙХ ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГАТАЙ”
Ийм явдал маш олон эмэгтэйд тохиолдож байгаа нь харамсалтай. Монголд хавдраар өвдөөгүй гэр бүл байхгүй гэж ярьдаг шиг эрүүл өсөж байсан ураг эхийнхээ хэвлийд гэнэт эндсэн харамсалтай явдлын талаар сонсоогүй хүн цөөн биз. Сонсох нь бүү хэл, туулаад, даваад гарсан нь олон. Монгол Улсад өсөлтгүй жирэмслэлт гэрлийн хурдаар өсөж байна гэхэд хилсдэхгүй. Үүнийг статистик үзүүлэлтүүд ч баталж байна. Тодруулбал, өнгөрсөн онд улсын хэмжээнд 5467 өсөлтгүй жирэмслэлт бүртгэгдсэнийг Эрүүл мэндийн хөгжлийн төвийнхөн хэлсэн юм. Энэ тоог 365 хоногт хувааж үзвэл өдөрт 15 орчим эмэгтэй ийм зовлонтой нүүр тулж байна. Өнгөрсөн оны эхний зургаан сард нийт 35 574 эмэгтэй жирэмсэлснээс 2440-ийнх нь урагөсөлтгүй болжээ. Харин энэ оны хагас жилд 32 874 эмэгтэй хөл хүнд болсон байна.
Харамсалтай нь, тэдний 2473 нь өсөлтгүй жирэмслэлттэй нүүрт улжээ. Энэ оны зургаан сарын үзүүлэлтийг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад жирэмсэн эмэгтэйн тоо 2700-гаар цөөрсөн. Гэвчурагхэвлийдэээндсэнтохиолдол33-аар нэмэгдсэн байна. Эрүүл бойжиж байсан ураг яагаад гэнэт өсөхгүй, зүрх нь зогсох болов. Үүнд юу нөлөөлж байна вэ. Хүчин зүйлсийг нь судлан тогтоож, хариу арга хэмжээ авах боломжтой юу гэх мэт олон асуулт хариулт нэхэж буй. Монгол Улсад өсөлтгүй жирэмслэлтэд гол нөлөөлж буй хүчин зүйлийг тогтоосон судалгаа байхгүй тул энэ асуултад эмч нар ч“бүдэрдэг”. Одоогоос дөрвөн жилийн өмнө эмэгтэйчүүдийн эмч Ш.Цэрэнсамбуу “Өсөлтгүй жирэмслэлт дэлхий даяар төдийгүй Монгол Улсад ч маш их элбэгшиж, жирэмсний эхэн үеийн хамгийн түгээмэл эмгэг болоод байна. Иймд энэ эмгэгийн үндсэн шалтгаан, голлон нөлөөлөх хүчин зүйлийг тодруулахын тулд өргөн хүрээнд, тодорхой хугацаанд үндэсний хэмжээний судалгаа хийх зайлшгүй шаардлагатай” хэмээн сануулсан. Гэвч ЭМЯ болон бусад холбогдох газраас үүнд анхаарч, ямар нэгэн арга хэмжээ авсангүй. Өсөлтгүй жирэмслэлтэд хүргэх эмнэл зүйн хувьд хэд хэдэн шалтгаан бий гэж эрүүл мэндийн салбарынхан ярьдаг. Тухайлбал, ургийн хромосомын гажиг, удамшлын эмгэг, гаж хөгжил, халдварт эмгэг ургийн халдварууд (улаанууд, цитомегаловирус, хламид зэрэг), дааврын хямрал,
үүн дотроо бамбай булчирхайн эмгэг нөлөөлдөг аж. Мөн эцэг, эхийн цусны үл тохироо буюу ээж нь резус хасах, аав нь резус нэмэх цустай байх, архи, тамхи зэрэг хорт бодисын хэрэглээ, ажлын хортой нөхцөл, удамшлын шалтгаантай цус бүлэгнэлтийн системийн хямрал зэрэг нөлөөлдөг гэж үздэг юм билээ. Үүнээс гадна агаарын бохирдол, хоол хүнс, сэтгэл зүйн өөрчлөлт, стресс нөлөөлж буй юм. Өсөлтгүй жирэмслэлтүүд харилцан адилгүй шалтгаантай байж болох бөгөөд үүнийг эдийн шинжилгээгээр тодорхойлдог аж. Өөрөөр хэл бэл, ураг амьгүй болж, умайн хөндийг цэвэрлэх ажиллавар хийсний дараа эдийн шинжилгээ авдаг гэнэ. Гэвч эхэнд дурдсан хоёр жишээ болон бусад тохиолдолд ч эмэгтэйчүүд эдийн шинжилгээ өгч мэддэггүй, өгсөн нь хариугаа авч, эмчлүүлэхэд төдийлөн анхаардаггүй талаар эх баригч нар ярьсан юм.
БӨӨР, ШЭЭСНИЙ ЗАМЫН ӨВЧЛӨЛ НӨЛӨӨЛЖ БАЙНА
Ураг умай дотор өсөхгүй, эндэхийг өсөлтгүй жирэмслэлт гэж үздэг. Өөрөөр хэлбэл, жирэмсний эхний гурван сар буюу 12 долоо хоног зургаан өдрөөс дотогш ураг эндэхийг өсөлтгүй жирэмсэн гэж тооцдог байна. Үүнээс дээш сартайд буюу хожуу эндсэн бол амьгүй ураг гэж тодорхойлдог ажээ. Үүнээс гадна ургийн өсөлтийн саатал гэж бий. Энэ нь жирэмсний 2-3 дахь сард тохиолдож болдог. Ургийн жин тухайн жирэмсний хугацаанд байх ёстой хэмжээнээс бага бол сааталд тооцдог аж. Үүнийг өсөлтгүй жирэмслэлтээс салгаж ойлгох хэрэгтэйг ЭХЭМҮТ-ийн эмч нар сануулсан. Улсын хэмжээнд хүндрэлтэй болон эрсдэлтэй жирэмсэн эхчүүдэд тусламж, үйлчилгээ үзүүлдэг тус төвийн Эх барих, эмэгтэйчүүдийн тасгийн эрхлэгч Ж.Сарантунгалагаас өсөлтгүй жирэмслэлтийн талаар тодруулсан юм. Тэрбээр “Манай эмнэлэгт энэ он гарснаас хойш эхний найман сарын байдлаар өсөлтгүй жирэмслэлт 172 удаа бүртгэгджээ. Сард дунджаар 22 эмэгтэй ийм шалтгаанаар мэс ажиллавар хийлгэж байна. Хэвлий дэх ураг амьгүй болох олон шалтгаан бий. Эрхтэн тогтолцооны эмгэгээс эхлээд бөөр, шээс, бэлгийн замын өвчлөл үүнд голлон нөлөөлж болно. Агаарын бохирдол нөлөөлж байна гэж сүүлийн хэдэн жил ярьж буй ч баримт, судалгаа ховор.
Хамгийн гол нь тухайн эхийн хүүхэд тээх умайн орчин эрүүл байх ёстой. Гэтэл дахин дахин өсөлтгүй жирэмсэлсэн эмэгтэйчүүд цөөнгүй. Ер нь нийт жирэмслэлтийн 15-20 хувьд нь өсөлтгүй болох тохиолдол гардаг гэж үздэг. Ураг амьгүй болсон тохиолдолд үтрээнээс бага зэрэг цус гарах, ууц нуруу хөших, хэвлийн доогуур таталдаж өвдөх зовуурь илэрч болдог. Мөн ямар нэгэн шинж тэмдэг илрэхгүй явсаар ЭХО шинжилгээгээр оношлогдох нь түгээмэл. Энэ тохиолдолд эмнэлэгт хандаж, умайн хөндий цэвэрлэх ажиллавар хийлгэх шаардлагатай. Удаан хугацаагаар амьгүй ураг тээх явцад цусны бүлэгнэлтийн систем хямрах, халдвар хавсарвал үрэвсэлт эмгэг, цаашлаад үжил болох эрсдэлтэй” гэв. Сэргийлэх аргын талаар лавлахад “Хүүхэд төрүүлэхийн өмнө өөрийгөө бэлд. Эрүүл эхээс эрүүл хүүхэд төрнө. Тиймээс урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж, өвчин эмгэгийг эрт илрүүлэн, эмчилсний дараа жирэмслэх нь сэргийлэх нэг арга” гэв. Харин ураг өсөлтгүй болж, мэс ажиллавар хийлгэсэн тохиолдолд 3-6 сарын дараа дахин жирэмслэхэд аюулгүй гэж үздэг ажээ. Хэдэн жилийн өмнө онолын хувьд 1.6 жилийн дараа жирэмслэх нь зүйтэй гэж үздэг байжээ. Ураг өсөлтгүй болсон шалтгаан, нөхцөлөө тодруулахгүй, эмчилгээ хийлгэхгүйгээр дахин хүүхэд тээснээр эрсдэл дагуулж буйг Ж.Сарантунгалаг эмч сануулсан юм. Ялангуяа мэс ажиллаврын үеэр авсан эдийн шинжилгээний хариуг заавал анхаарч, вирусийн халдвар, ихсийн эмгэг, дааврын өөрчлөлт байна уу гэдгээ мэдэх нь дараагийнхаа төрөлтөд бэлдэхэд чухал нөлөөтэй аж.
ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛЫГ САЙЖРУУЛЪЯ
“ЭХО шинжилгээгээр ургийн өсөлт зогссон, зүрхний цохилт нь сонсогдохгүй байна, яах вэ” хэмээн цахим орчинд тусламж хүссэн эмэгтэй цөөнгүй байдаг. Эмч нэг удаагийн үзлэгээр өсөлтгүй жирэмслэлтийг оношлохгүй. Тиймээс давтан үзлэг хийлгэж оношоо магадлах нь чухал. Тухайн эмнэлгийн ЭХО-ны чадамж, эмчийн дадлага, туршлага ч бас нөлөөлж болно. Мөн өсөлтгүй жирэмсэн болсон тохиолдолд дааврын шинжилгээ өгөхийг эмч зөвлөсөн юм. Даавар дэмжих, өсөлтгүй жирэмслэлтээс сэргийлэх эмчилгээ хийж болдог аж. Гэхдээ энэ нь бүх ургийг аврах боломжтой гэсэн үг бас биш ээ. Тиймээс гэр бүл төлөвлөлт, эцэг, эх болохоос урьдаар бие, сэтгэлээ эрүүл байлгах нь хамгийн чухал юм. Гэтэл манай улсын хүн амын дунд өвчлөл өндөр, архи, тамхи, мансууруулах бодис зэрэг хорт зуршлын хэрэглээ буурахгүй байгаа нь өсөлтгүй жирэмслэлт, амьгүй ураг төрөх эрсдэлийг нэмэгдүүлж буйг эрүүл мэндийн салбарынхан хэлнэ лээ. Мөн буруу хооллолт, хөдөлгөөний дутагдал, нийгмийн бухимдал, агаарын бохирдол нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буй. Жилээс жилд өсөлтгүй жирэмслэлт нэмэгдэж байна. Монгол Улс шинэ иргэнээ хүлээн авч чадалгүй буцааж буй эмгэнэлт явдлыг яриад, тоолоод суух биш, нийгмийн эрүүл мэндийг дэмжиж, төрөх насны эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд гойд анхаарал хандуулахгүй бол аюулын харанга дэлдэх боллоо.