Засгийн газрын ээлжит хуралдаанаар цэцэрлэгийн хүүхдийн хоолны түүхий эдийн зардлыг 1000 төгрөгөөр нэмэгдүүлэн, өдрийн ангид 4000, 24 цагийн цэцэрлэгт 5100 төгрөгөөр тогтоож, эцэг, эх, асран хамгаалагчаас нэмэгдэлтөлбөрийггаргуулахааршийдвэрлэлээ. Энэхүү тогтоолыг Улаанбаатар хотод хэрэгжүүлэх бөгөөд үүнд нийслэлийн төрийн өмчийн 310 цэцэрлэгийн 135 мянга гаруй хүүхдийг хамруулах ажээ. Эцэг, эх, асран хамгаалагчаас өдөрт 1000 төгрөг авахад сард 22 000, жилд 190 000 төгрөг зарцуулах юм.
Ингэснээр хүүхдийн хоолны түүхий эдийн зардлын 75 хувийг төр, 25 хувийг эцэг, эх хариуцах боллоо. Харин зорилтот бүлгийн буюу хагас болон бүтэн өнчин, хөгжлийн бэрхшээлтэй, босго шугамаас доогуур орлоготой өрхийн 50 440 хүүхдийн хоолны зардлыг улсаас бүрэн хариуцах гэнэ. Засгийн газрын тогтоолыг ирэх сарын 1-нээс дагаж мөрдөх юм байна.
Тогтоолын хэрэгжилтийг хянаж, хоолны орц, илчлэгийн хэмжээ, шим тэжээл болон хүүхдийн эрүүл мэнд, өсөлт хөгжилтэй уялдуулан судалж, цаашид хүнсний хангамж, чанар, хүртээмжийг сайжруулах арга хэмжээ авахыг Боловсролын сайд П.Наранбаяр, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нарт даалгалаа.