Амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх дэлхийн өдөр жил бүрийн есдүгээр сарын 10-нд тохиодог уламжлалтай. Өнөө жил манай улс эл өдрийг “Амиа хорлолтын талаарх яриаг өөрчилцгөөе” уриатайгаар угтаж, нөлөөллийн олон ажил хийж, өнгөрүүллээ. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийнхөн уг өдрийн хүрээнд эхний ээлжид хэвлэл мэдээллийн байгууллагынхантай уулзаж, хэлэлцүүлэг өрнүүлсэн бөгөөд амиа хорлолтын талаарх мэдээллийг хариуцлагатай, болгоомжтой хүргэснээр олон хүнийг аюулаас урьдчилан сэргийлж, хамгаалах боломжтой гэсэн юм.
Манай улс дээрх өдрийг амиа хорлолтын тоо буурсан үзүүлэлттэй угтаж буй нь сайшаалтай. Тодруулбал, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн судалгаагаар 2023 онд амиа хорлож, нас барсан тохиолдлын тоо 10 000 хүн тутамд 1.5 болж буурчээ. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн онд амиа егүүтгэсэн хүний тоо 2022 оныхтой харьцуулахад 48-аар цөөрсөн үзүүлэлттэй байна.