ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр халуун сэдэв болоод байсан “ДЦС-3”-ын өргөтгөл шинэчлэлийн төслийн зураг төсөл, төсөв боловсруулах тухай Монгол Улсын болон ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Мөн олон жил гацаад буй Эгийн голын усан цахилгаан станцын төслийг онцгой анхаарч, Байгал нуур, Сэлэнгэ мөрнийг хамгаалах салбарт хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулахаар болсон. Үүнээс гадна УБТЗ ХНН-ийн дүрэмд өөрчлөлт оруулах тухай протокол байгуулсан зэрэг чухал баримт бичгийг баталгаажууллаа.
Онцлох, сайн “мессеж” нь гэвэл Монгол Улс дэлхийн нийтийн өмнө эрсдэл гаргаж байгаад ч атугай В.Путинийг хүлээж авлаа. Олон улсын эрүүгийн шүүхийн гишүүн орны дүрэм журмыг зөрчсөн, эсэх, бидэнтэй урьд өмнө хамтрахаар тохирсон орнуудын эсэргүүцлийн мэдэгдэл сэлтээс харсан ч энэ бол эрсдэл. Нөгөөтээгүүр, “Эрчим хүчний хараат байдлаас чинь салгаад өгье” гэж амлаад, тохироод буцсан улс орнуудад“Тохирсон ажлаа эхлээгүй учраас бид эрчим хүч, шатахууны хувьд хараат бус хэвээрээ байна” гэдгээ ний нуугүй харуулчихлаа шүү дээ.
Тэгэхээр “Монгол Улс ардчилалтай, барууныхантай найзалдаг, бие даасан орон шүү. Та нар оросуудыг эсэргүүцэх чадалтай, бид тусална” гэж амласан орнууд үүнийг харж байгаа. “Одоохон ажлаа эхлэхгүй бол бид энэ өвөл иргэдээ зутраахгүйн тулд, эдийн засгаа хямраахгүйн төлөө хараат хэвээрээ л байгаа шүү, ажлаа эхэлье. Эсвэл гоё амлалт өгч, эмзэг байдал дээр дөрөөлж, монголчуудын гараар “могой бариулж” хөршүүд рүү сумлах хэрэггүй” гэдгийг ил тод хэлэмжээр харуулчихлаа. Өөрөөр хэлбэл, эрчим хүчний салбарт хэрэгжүүлэхээр тохирсон төслүүд, хөрөнгө оруулалтууд үнэхээр хөршийн дарамт, хараат байдлаас салгаж чадах уу гэдгийг бодитоор харах, хэрэгжүүлэх цаг ирлээ.
Мэдээж Орос улстай байгуулсан ДЦС-ыг өргөтгөн шинэчлэх гэрээ “муухай” нөхцөлтэй. Гурван станц ч барьчихаар хөрөнгөөр нэгийг засаж шинэчлэх тохироо, түүнийхээ зардлыг ОХУ-аас зээлнэ гэдэг яаж сайхан байх вэ дээ. Ийм л чагтанд бид жилийн жил дордог. Сүүлийн гурван жил тасралтгүй энэ талаар ярьсан. Монголын сайд нар албан бичиг илгээж зардлыг бууруулах, дэндүү хохиролтойг учирлах, зээлийн хугацааг богиносгох, хүүг багасгах талаар хөндөөд байгаа ч дийлдэггүй. Харин сая хоёр улсын Төрийн тэргүүн “зас, шинэчил” гэчихлээ. УИХ бол байнгын хороодтой зөвшилцсөн. Зөвшөөрөхгүй байсан ч зөвшилцсөнд ч тооцно. Одоо Засгийн газар хоорондын хэлэлцээр гол асуудал бөгөөд бас ч шууд баталчихна гэсэн үг биш. УИХ-аар “соёрхоно”.
Тодотгоход, хэлэлцээр байгуулах асуудлыг баталгаажуулсан болохоос ямар хуулиудыг яаж зөрчихгүйгээр батлах, яаж тохиролцох вэ гэдэг нь Засгийн газар болон Эрчим хүчний сайдын асуудал юм. Үүнд л анхаарах гол зүйлс бий. Засгийн газрын 2024 оны наймдугаар сарын28-ны хуралдааны 29 дүгээр тэмдэглэл, ЗГХЭГ-ын даргын Эдийн засгийн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлсэн 19 хуудас хавсралт бүхий албан бичиг, эдгээрийн хамт Эрчим хүчний яамнаас тухайн байнгын хорооны гишүүдэд тараасан танилцуулгад л өртгийн тухай ил тусгасан. Үүнд“Төслийн нийт төсөвт өртөг ОХУ-ын “Интер РАО экспорт” компанийн 2022 онд боловсруулсан ТЭЗҮ-ээр нийт нэг тэрбум 326.9 сая евро (НӨАТ-тай дүн нэг тэрбум 486.9 сая евро). Энэ санхүүжилтийн 15 хувийг буюу 199 сая еврог Монголын талаас, 85 хувийг буюу нэг тэрбум 127.9 сая еврог ОХУ-ын экспортын зээлээр санхүүжүүлэхээр тусгасан.
Эрчим хүчний яам болон “ДЦС-3” ТӨХК-иас уг төслийн ТЭЗҮ-ийг судалжээ. Ингэхдээ эрчим хүчний салбарт хэрэгжүүлж буй дулааны цахилгаан станцын төслүүдийн жишиг үнийн тооцооллыг ашиглан Монголын тал өөрийн хөрөнгөөр тус төслийг санхүүжүүлж хэрэгжүүлсэн тохиолдолд814.3 сая ам.доллар (НӨАТ-тай дүн 915.1 сая ам.доллар) зарцуулах, барилга угсралтын хугацааг 1-2 жилээр богиносгох боломжтой гэж үзсэн. Ингээд ОХУ-ын “Интер РАО экспорт” компанийнхантай удаа дараа уулзалт хийж, нийт төсөвт өртгийг бууруулах саналаа танилцуулж байжээ. Өнгөрсөн оны арван хоёрдугаар сард Москва хотод ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд бөгөөд Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга А.А.Козловтой уулзах үеэр В.Путиний Монголд хийсэн албан ёсны айлчлалын үеэр хэлэлцээрээр тохирсон шинэчлэлийн төслийн зураглалыг шинэчлэн байгуулжээ. Хэрэв үнэ өртгийн талаар хоёр тал хэлэлцэн тохирч, магадгүй Оросын талынхан буулт хийвэл тэр нь Эгийн голын УЦС-ын төсөлд нөлөөлж мэдэх эрсдэл ч бий.
Ямартай ч эрчим хүчний хараат байдлаасаа ангижрах эр зориг гаргаж, хамтарсан Засгийн газар байгуулсан эрхэм зорилгоос харвал Эгийн голын УЦС-ыг, ер нь эрчим хүчний төслийг хэрэгжүүлж чадах хангалттай хүний нөөц хамтарсан талуудад орж ажиллаж байгаа, эгзэгтэй, олзуурхууштай үе мөн. Ийм үед зорьсон бүхнээ хийгээд авах хэрэгтэй. Тиймээс “Эрчим хүчний, шатахууны хараат байдлаас гаргаад өгье” гэсэн бүхэн одоо л ажлаа хийх хэрэгтэй. Хэрэв хийж чадахгүй бол монголчуудын гараар “могой бариулж”, улс төрийн байр сууринд нь нөлөөлж, уламжлалт хөрш руу нь “чулуу шидүүлэх” алхам хийхгүй байх учиртайг хэлэлцсэн, тохиролцсон амлагчдад сануулах цаг болжээ.
Тэгвэл ДЦС-ыг шинэчлэх хэлэлцээрийг байгуулахдаа юунд анхаарах вэ? Энэ талаар Засгийн газарт хамтарч буй намууд байр сууриа тохирох хэрэгтэй. Юуны өмнө өөрийн орны хууль тогтоомжуудыг зөрчихгүйгээр хамтарч ажиллах гол зарчим үйлчилнэ. Тухайлбал, хэлэлцээрийн төслийн дөрөвдүгээр зүйлд“Зураг төслийн гэрээг Монголын талаас эрх олгогдсон байгууллагын өөрийн хөрөнгөөр, эсхүл Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлнэ” гэж заасан нь Өрийн удирдлагын тухай хуулийн 6.2.4 дэх “Засгийн газар, орон нутгийн зээллэг, өрийн баталгаа, бүх төрлийн санхүүгийн үүрэгтэй холбогдсон гэрээ, хэлцэл, үйл ажиллагааг төсөвт тусгах” хэмээсэнтэй нийцэхгүй байгаа юм.
Мөн Өрийн удирдлагын тухай хуулийн 23.4, 23.5-ын дагуу Засгийн газрын гадаад зээлийн гэрээ, хэлэлцээр байгуулагдсаны үндсэн дээр тухайн төсөл, арга хэмжээний хөрөнгийн эх үүсвэрийг төсөвт тусах зохицуулалттай нийцэхгүй байна. Өрийн удирдлагын тухай хуулийн 6.2.5-д“хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт туссан төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхэд Засгийн газар, орон нутгийн зээллэг, Засгийн газрын өрийн баталгаа нь эдийн засгийн бодит үр өгөөж, боломжтой байх”, 18.5.8 дахь“эдийн засгийн бодит үр өгөөж өгөх төсөл, арга хэмжээ байх нь холбогдох тооцоо, судалгаагаар нотлогдсон байх”, эсэхийг тодорхойлсны дараа тус гэрээг байгуулах шаардлагатай.
Хамгийн гол нь хэлэлцээрийнх нь төслөөс харахад гүйцэтгэгч тал болох Оросын компани нь зураг төсөл хийх ажлын даалгаврыг боловсруулах, түүнийхээ хүрээнд зээлийн хэлэлцээр байгуулахаар заачихсан. Тиймээс л энэхүү хэлэлцээр зөвхөн нэг талын хүсэл зорилгод л нийцээд байгаа юм. Түүнчлэн гэрээнд Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд гарын үсэг зурах эрх олгосон нь Өрийн удирдлагын тухай хуулийн 9.1.20-д“Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс олон улсын байгууллага, түнш оронд Засгийн газрын гадаад заал авах хүсэлтийг албан ёсоор тавих, гадаад зээлийн хэлэлцээг хийх, гэрээ байгуулах, зохицуулах, хяналт тавих”-аар заасантай нийцэхгүй байна. Эрх нь томдоно.
Түүнчлэн гэрээний зохицуулалт нь “зураг төсөл боловсруулах” гэсэн нэртэй боловч зургаадугаар зүйлд нь “Өргөтгөл шинэчлэлийн гэрээний дагуу ханган нийлүүлэлт, ажил, үйлчилгээ, үндсэн болон туслах тоноглолын нарийвчилсан зургийн үр дүнгээр тус цахилгаан станцын өргөтгөл шинэчлэлийн төслийн төсвийг тодорхойлох” гээд заачихсан. Энэ нь гэрээг зохицуулах хүрээнээс хальж хэтэрсэн. Тухайлбал, Барилгын тухай хуулийн хуулийн 24.2-т“Улс, орон нутгийн төсөв, гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлэх барилга, байгууламжийн төсвийн тооцоог мэргэшлийн зэрэгтэй төсөвчнөөр хийлгэсэн байна” гэж заасныг зөрчиж байгаа юм. Ийм хэмжээний зарчмаас гажсан, эрх мэдлийг хэтрүүлсэн, нэг талын эрх ашгийг хангасан, Монгол Улсын хуулиудыг зөрчсөн баримт бичгийг УИХ соёрхон баталбал Үндсэн хуулийн 10.4 дэх заалтыг зөрчих эрсдэл үүсэх магадлалтай тул хэлэлцээр биш, санамж бичиг байгуулах нь зүйтэй байсан. Гэвч хэлэлцээр зурсан талаарх албан мэдээнүүд гарчихлаа. Одоо УИХ соёрхохынхоо өмнө Үндсэн хуулиа зөрчих үү, УИХ-ын баталсан, Монгол Улсад хэрэгжүүлж буй хуулиудыг мөрдөх шаардлага тавих уу гэдэгтээ онцгой анхаарах ёстой.
У.ОРГИЛМАА