Цагдаагийн байгууллагын хүлээн авч буй дуудлага мэдээлэл их, хүрч очих автомашины тоо харьцангуй цөөн байсныг ЦЕГ-ын дарга бригадын генерал Т.Сүхболд энэ онд шийдвэрлэж, нийслэлийн төвийн зургаан дүүргийн Цагдаагийн газар, хэлтсүүдэд авто эргүүлийн 21 чиглэлийг шинээр нэмэх шийдвэр гаргаж, төсөв, техник хэрэгсэл, орон тоог нь баталсан юм. Ингэснээр дуудлага, мэдээлэлд очих хурд нэмэгдэн, алба хаагчдын ажлын ачаалал буурч, дуудлага мэдээллийн шийдвэрлэлтэд ахиц гарчээ. 2023 оны байдлаар гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээлэлд очих дундаж хугацаа 21 минут 40 секунд байсан гэнэ.
Тэгвэл энэ оны III улиралд 11 минут 36 секундээр багассан байна. Авто эргүүлийн нэг чиглэл өмнө нь өдөрт гэмт хэрэг, зөрчлийн 10-28 дуудлага, мэдээллийг шалгаж шийдвэрлэж байсан бол энэ оны зургаадугаар сарын 3-наас хойш авто эргүүлийн уг 21 чиглэлийг нэмснээр өдөрт 8-20 дуудлага, мэдээлэл шалгаж шийдвэрлэж буй нь алба хаагчдын ажлын ачаалал 2-8 нэгжээр буурсан үзүүлэлт гарчээ. Цагдаагийн байгууллагад дуудлага, мэдээлэл өгсөн иргэдийг сэтгэл ханамжийн судалгаанд хамруулахад 85-90 хувь нь сайн, хангалттай гэсэн үнэлгээ өгсөн байна. Судалгаагаар дуудлага, мэдээллийг хангалтгүй шийдвэрлэсэн гэж үнэлсэн иргэдийн санал хүсэлтийг харьяа нутаг дэвсгэрийн Цагдаагийн газар, хэлтэст дахиж шалган, шийдвэрлэж буй гэнэ.