Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас манай улсын иргэн О.Болдсүх, Ч.Золбаяр, БНХАУ-ын иргэн Ван Хайдон нарт Эрүүгийн хуулийн 25.5-1 дэх хэсгийн “Соёлын биет өвийн хууль бус худалдааг зохион байгуулж, зуучилсан” гэх зүйл заалтын дагуу яллах дүгнэлт үйлдэн тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүллээ.
О.Болдсүх нь 2023 оны аравдугаар сарын сүүлчээр Баянзүрх дүүргийн нутаг, “Өгөөмөр” авто сэлбэгийн захын орчимд XIX зууны сүүлч, XX зууны эхэн үед хамаарах түүх, соёлын биет өв болох шашны 82 ширхэг эд өлгийн зүйлсийг худалдсан хэрэгт холбогдсон юм. Тэгвэл Ч.Золбаяр нь уг эд өлгийн зүйлсийг Хан-Уул дүүргийн нутаг, Зайсан толгойн орчимд БНХАУ-ын иргэн Ван Хайдонд дамжуулан борлуулсан гэж буруутгагдаж буй аж.