Гэмтэл согог судлалын үндэсний төв (ГССҮТ)-ийн алсын дуудлагын багийнхан өнгөрсөн сарын сүүлчээр Ховд, Баян-Өлгий аймагт ажиллаж, зам тээврийн осолд өртсөн иргэдэд яаралтай тусламж үзүүлэн, амийг нь аварсан байна. Тус төвийн Хавсарсан гэмтлийн мэс заслын тасгийн эрхлэгч П.Баярсайхан, Мэс засал, мэдээгүйжүүлгийн нэгдсэн тасгийн сувилагч Е.Одонтунгалаг, жолооч М.Пүрэвбаатар нар Ховд аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн эмч нартай хамтран зам, тээврийн осолд өртсөн иргэнд мэс засал хийжээ.
Тухайн иргэн ослын улмаас цээжний хөндийн хавсарсан хүнд гэмтэл авсан байж. Мөн тус багийнхан Баян-Өлгий аймгийн эрүүл мэндийн төвийн гэмтэл, мэс засал, мэдээгүйжүүлгийн эмч, сувилагч нартай хамтран уушги нь няцарч, олон хавирга нь хугаран, амьсгалын дутагдалд орсон өвчтөнд мэс засал амжилттай хийсэн байна. Өдгөө хоёр иргэний бие сайжирч, эмчийн хяналтад байгаа аж. ГССҮТ-ийн алсын дуудлагын багийнхан буцах замдаа мөн осолд орсон зарим иргэнд тусламж үзүүлж, орон нутгийн эмнэлэгт хүргэж өгсөн гэнэ.