Өрхийн эрүүл мэндийн таван төвд хиймэл оюун ухаанд суурилсан өндөр нягтаршилтай, зөөврийн рентген аппаратыг өнгөрсөн баасан гарагт олгожээ. Тодруулбал, “Монгол Улсад ХДХВ, сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх, дэмжих, үндэсний тогтолцоог бэхжүүлэх нь” төслийн хүрээнд эрүүл мэндийн анхан шатны байгууллагуудад хиймэл оюун ухаанд суурилсан өндөр нягтаршилтай зөөврийн рентген аппаратыг үе шаттайгаар нийлүүлэх ажлын хүрээнд эхний ээлжид таван эмнэлэгт олгосон аж. Аппарат нэг бүрийн өртөг 197.7 сая төгрөг гэнэ.
Уг аппаратын тусламжтайгаар сүрьеэг эрт үед нь илрүүлэн, өвчний тархалтыг бууруулж, тусламж, үйлчилгээний чанар сайжирч, зардал багасах боломжтой хэмээн эрүүл мэндийн байгууллагынхан онцолж байна. Түүнчлэн улсын эмнэлгүүд хиймэл оюун ухааныг ашиглаж, тусламж, үйлчилгээ үзүүлэх эхлэл болж буйг тодотгосон юм.
Ч.ТУЯА