“Парис-2024” зуны спортын паралимпийн наадмыг өнгөрсөн сарын 28-нд нээсэн. Энэ удаа манай улсаас спортын зургаан төрөлд 12 тамирчин ур чадвараа сорьж буй. Эх ний өдөр Монголын пара таеквондогийн үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ У.Сүрэнжав -52 кг-ын жинд K44 ангилалд шагналын салхи хагалж, алтан медаль хүртэв.
Тэрбээр эхний тойрогт хэсэг толгойлогчийн давуу эрхээр гоц мөргөж, дараагийн хад Египетийн тамирчин Салма Хассаныг ялж, шөвгийн дөрөвт шалгарсан. Хагас шигшээд тус жинд тэргүүлдэг Мексикийн таеквондоч К.Гарсиаг хожиж, алтан медалийн төлөө Ираны тамирчин Зара Рахимийг буулган авлаа. Ингэснээр тэрбээр Монголоос паралимпийн наадамд аваргаар тодорсон анхны эмэгтэй тамирчин боллоо. Түүний хувьд дээрх наадамд анх удаа өрсөлдөж, алтан медаль зүүн, Төрийн дууллаа эгшиглүүлсэн нь Монголын таеквондогийн спортод нэгэн шинэ хуудас нээв.
У.Сүрэнжавын амжилтыг буухиалж, эрэгтэйчүүдийн 63 кг-ын жинд тив, дэлхийн тус бүр таван удаагийн аварга, “Ханжоу-2022” Азийн наадмын аварга, Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ эхний тойрогт мөн гоц мөргөн, шөвгийн наймд шалгарав. Хоёр дахь олимпдоо оролцож буй тэрбээр Доминикан улсын Жералдо Кастрог илүүрхэж, хагас шигшээд 2023 оны дэл хийн аварга Италийн Антонино Боссолотыг ялснаар алтан медалийн төлөө Туркийн тамирчин Бозтеке Махмуттай тулалдсан. Г.Болор-Эрдэнэ түүнтэй үндсэн цагт 7:7-гоор тэнцсэн ч нэмэлт цагт ялагдаж, мөнгөн медаль зүүсэн билээ.
Дугаар шилжих мөчид манай улсаас хөнгөн атлетикийн эрэгтэйчүүдийн бөөрөнцөг түлхэлтийн F40 ангилалд дасгалжуулагч Д.Махаширагийн удирдлага дор Үндэсний шигшээ багийн тамирчин Ц.Баттулга өрсөлдөж, 11.9 метрийн шидэлт хийн мөнгөн медаль хүртлээ. Монголын баг одоогоор тус бүр нэг алт, хоёр мөнгөн медаль хүртсэн амжилтаар 168 орноос 19 дүгээр байрт бичигдэж байна. Сонирхуулахад, Монголын таеквондогийн холбоо 1991 онд үүсгэн байгуулагдсанаар монгол тамирчин “Рио-2016” олимпын наадамд хүч үзэж эхэлсэн түүхтэй.