УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2024 оны 38 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхээр болжээ. Энэхүү тогтоолын төсөлд хэрэглэгчдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх талаар тусгах, хөнгөлөлттэй эмийн жагсаалтыг цэгцэлж, бүртгэлгүй эмийг сурталчлах, импортлохыг хориглох, гадаадаас авсан эмийн үйлчлэл дотоодын зах зээл дээрхээс өндөр байдагт дүгнэлт хийх, орлого нь 2018 оныхоосоо дөрөв дахин нэмэгдсэн эрүүл мэндийн даатгалын үйлчилгээний чанар, хүртээмжийг тэр хэмжээгээр сайжруулах шаардлагатай зэрэг асуудлыг хөндсөн юм.
“Монгол Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооноос эмийн үнийн өсөлтийн шалтгаан нөхцөлд хяналт шалгалт хийсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын 38 дугаар тогтоолыг энэ оны тавдугаар сарын 2-нд баталсан билээ. Уг тогтоолын хэрэгжилт хангалтгүй байгаа талаар УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн байнгын хорооны хуралдааны үеэр танилцуулж байсан. Тэрбээр “Өмнөх парламентын үед хийсэн нэг чухал ажил бол эмийн чанар, хүртээмжийн талаар нээлттэй сонсгол зохион байгуулсан явдал бөгөөд үүний үр дүнд шинэчлэн баталсан Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийг ирэх 10 дугаар сарын 1-нээс мөрдөж эхлэхтэй холбоотойгоор ГЕГ болон бусад холбогдох байгууллагаас 38 дугаар тогтоолоор Засгийн газарт өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт ямар байгаа талаар асуухад урагшилсан нэг ч алхам алга байна” гэсэн юм.
Иймд тэрбээр УИХ-ын дарга болон түүний дэргэдэх зөвлөлд санал гаргаж, 38 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулсан байдаг. Тогтоолын төсөлд Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийн хэрэгжилтийн бэлтгэл ажлыг хангахдаа эмийн зохицуулалтын үнэлгээгээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүлээн зөвшөөрөгдсөн эмийн зохицуулалтын эрх бүхий байгууллагатай хамтран ажиллах, гаалийн болон татварын байгууллагатай мэдээлэл солилцох тогтолцоог бүрдүүлсний үндсэн дээр эм, эмнэлгийн хэрэгслийн цахим мэдээллийн санг хөтөлж, бодит үнийн мэдээллийг иргэдэд ил тод, нээлттэй болгох, чанарын шаардлага хангасан эм, эмнэлгийн хэрэгслээр иргэдийг хангах, хүртээмжийг нь нэмэгдүүлэх, эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын чиг үүргийг дахин нягталж, хүнс, эмийн аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын нэгдмэл тогтолцоог бий болгох талаарх зохицуулалтуудыг тусгажээ.
Э.БОРГИЛ