Орон нутгийн буюу аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох ес дэх удаагийн ээлжит сонгууль хаяанд ирлээ. Ардчилсан улсын иргэний хувиар хууль тогтоох дээд байгууллагаа эмхэлсэн бол одоо хөдөө, орон нутгийн сонгогчид аймаг, сум, Улаанбаатарын иргэд нийслэл, дүүргийнхээ “парламент”-ыг сонгох гэж байна. Манайхан төдийлөн ач холбогдол өгдөггүй ч биднийг өдөр тутамд бухимдуулж байдаг түгжрэл, утаа, орчны бохирдлоос эхлээд ахуйн том, жижиг бүх асуудлыг энэ сонгуулиар сонгогдсон төлөөлөгчид шийддэг. Өөрөөр хэлбэл, бид ирэх жилүүдэд хэр зэрэг хөгжилтэй хот, аймаг, дүүрэгт амьдрах вэ гэдэг нь ИТХ-ын сонгуулийн үр дүнгээс шууд хамаардаг гэхэд болно. Энэ ч утгаараа бид ахуйн эдгээр асуудлыг шийдүүлэх гэж УИХ-ын гишүүдийг бус, ИТХ-ын төлөөлөгчдийг шахаж, шаардах учиртай.
УИХ-ынхаас ялгаатай нь орон нутгийн сонгуулийн тогтолцоо өөрчлөгдөөгүй. Парламентын сонгуулийн тогтолцоог холимог болгож, 78 гишүүнийг тойргоос буюу мажоритар, 48-ыг нь жагсаалтаар буюу пропорционал хувилбараар сонгох өөрчлөлтийг батлахдаа ИТХ-ынхыг хэвээр үлдээсэн юм. Уг нь орон нутгийн сонгуулийн тогтолцоог ч ийм маягаар шинэчилж, холимог болгох тухай яриа парламентын түвшинд нэлээд өрнөж, Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг нь хүртэл боловсруулж байсан ч бүтэлгүйтсэн билээ. Иймд орон нутгийн сонгууль хуучнаараа буюу төлөөлөгчдөө тойргоос сонгоно гэсэн үг.
УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулсан ч орон нутгийнхыг хуучнаар нь хийнэ хэмээн харамсал тээн өгүүлээд буй нь учиртай. Тухайлбал, 126 гишүүнтэй парламентын 32 нь эмэгтэй. Хууль тогтоогчдын 25.4 хувь буюу дөрвөн гишүүн тутмын нэг нь энэ хүйсийн төлөөлөл гэсэн үг бөгөөд эмэгтэй парламентчдын тоогоор анх удаа Азидаа тэргүүлж, олон улсын дундаж түвшинд сая хүрсэн хэрэг. Улс төрийн нам, эвсэл нийт нэр дэвшигчийнхээ 30-аас доошгүй хувьд аль нэг хүйсийнхнийг өрсөлдүүлнэ гэж хуулиар тогтоосон ерөнхий квот үүнд гол хөшүүрэг болсныг сануулъя. Өмнөх сонгуульд мөрдсөн 20 хувийн босгыг ийн өсгөсөн нь чамлах хэрэг биш байсныг санал хураалтын үр дүн ийн баталсан юм. Цаашлаад жагсаалтад нэр дэвшигчдийг эрэмбэлэхдээ хүйсээр сөөлжилсөн нь пропорционал буюу хувь тэнцүүлэх хэлбэрээр сонгосон 48 хүний тэн хагас нь эмэгтэй байх баттай нөхцөл болсон шүү дээ. Тэгвэл одоо орон нутгийн сонгуульд нам, эвслээс нэр дэвшиж байгаа хүмүүсийн 20-иос доошгүй хувь нь аль нэг хүйсийнх байх зохицуулалт л үйлчилнэ. Нөгөө талаас жагсаалтаар сонгох хувилбар байхгүй учраас УИХ-ынх шиг эмэгтэйчүүд олноор сонгогдоно гэж найдахад хэцүү. Иймд нам, эвслүүд УИХ-ын сонгуульд оролцохдоо олон нийтэд өгсөн амлалт, амжилтаа үргэлжлүүлж, орон нутгийн сонгуульд нэр дэвших хүйсийн квот болох 20 хувийг тааз гэж андууралгүй, босго гэдгийг ухамсарлан шийдвэр гаргана гэдэгт найдах л үлдлээ. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвслүүдээс болон бие даан нэр дэвшүүлэх ажиллагаа өнгөрсөн мягмар гарагт буюу энэ сарын 27-ноос эхэлсэн бөгөөд ирэх даваа гарагт дуусах гэж байна.
УИХ-ын сонгуулиар олонх болсон МАН-ын хувьд нийт нэр дэвшигчийнхээ 30-аас доошгүй хувьд нь аль нэг хүйсийн төлөөлөл байлгахаар төлөвлөж буй сурагтай. АН гэхэд 40 хувийн квотоор хязгаарлахгүй, ХҮН нам 50:50 бодлогоо энэ сонгуулиар ч үргэлжлүүлнэ гэдэг хүлээлт бас бий. АН-ын хувьд өнгөрсөн онд жендерийн тэгш байдлыг хангах бодлогоо зарлаж, бүх шатны төрийн сонгуульд нэр дэвшүүлэхэд сонгуулийн тухай хууль тогтоомжид заасан квотыг доод хязгаар гэдгийг ухамсарлан, нийт нэр дэвшигчийн 40-өөс дээш хувьд эмэгтэйчүүдийг өрсөлдүүлэхээ илэрхийлсэн билээ. Энэ мэтээр нам, эвслүүд манлайлал үзүүлж ажиллах нь өөрсдөд нь ч, улс орны эрх ашигт ч бүрэн нийцнэ. Томоохон хуулийн шинэчлэл, өөрчлөлтүүд, намуудын манлайллын үр дүнд 126 гишүүнтэй УИХ хэзээ хэзээнээс илүү солонгорч, хүйсээс гадна нийгмийн олон бүлгийн төлөөллийг багтаасан. Иргэн, сонгогч бүрд таалагдсан ч, эс таалагдсан ч бидний амьдралд өмнөхүүдээс арай ойр парламент бүрдүүлж чадсан. Тэгвэл бидний өдөр тутмын амьдралд хамгийн ойр шийдвэрүүдийг гаргадаг ИТХ иргэдтэйгээ үүнээс ч илүү ойртож, солонгорох учиртай. Жишээ нь, Улаанбаатар хотын нийт оршин суугчийн 52, намуудын нийт гишүүний 50-аас дээш хувийг бүрдүүлдэг эмэгтэйчүүдийн оролцоо, төлөөлөл орон нутгийн түвшинд хангалтгүй байна. Гэтэл утаа, түгжрэлээс авхуулаад бидний өмнө тулгардаг бүхий л асуудалд хамгийн түрүүнд энэ хүйсийнхэн илүүтэй өртдөг шүү дээ. Түгжрэл, утаанаас шалтгаалсан өвчлөл нэмэгдэхэд эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт буурах жишээтэй.
Найм дахь удаагийн буюу 2020 оны сонгуулиар улсын хэмжээнд сонгогдсон нийт төлөөлөгчийг хүйсээр нь авч үзвэл 5953 (72.9 хувь) эрэгтэй, 2209 (27.1 хувь) эмэгтэй байв. Уг үзүүлэлтийг засаг захиргааны нэгжээр нь харвал эмэгтэй төлөөлөгч 330 сумын хэмжээнд 28.2, есөн дүүрэгт 29.9, нийслэлд 17.8, Төв аймагт хамгийн өндөр буюу 35.9, Баян-Өлгийд хамгийн бага буюу 15.5 хувьтай гарсан. Цаашлаад улсын хэмжээнд 2021 оны байдлаар бүх шатны буюу аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нийт 361 даргын 51 (14.1 хувь) нь эмэгтэй байв. Аймаг, нийслэлийн ИТХ-ын хувьд Сэлэнгэ, Хэнтийгээс бусад нь эрэгтэй даргатай. Бас Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Увс, Ховд аймгийн нэг л сумын ИТХ-ыг эмэгтэй хүн удирдаж байгаа бол Багахангай, Баянгол, Налайх дүүргийн ИТХ эмэгтэй даргатай зэрэг нь энэ хүйсийнхний оролцоо, төлөөллийг нэмэгдүүлэхэд бодитой дэмжлэг хэрэгтэйг илэрхийлэх биз ээ.
Иймд нэгэнт квотыг өндөрсгөх хэрээр эмэгтэйчүүдийн төлөөлөл нэмэгдсэн нэн ойрын жишээ байгаа тул нам, эвслүүд, ялангуяа тэдгээрийн удирдлага мэдрэмжтэй, санаачилгатай байж 20 хувийн босгод хайрцаглалгүй тэднийг дэмжээрэй. Ингэж байж намууд хожихыг УИХ-ын сонгуулийн үр дүн ч харууллаа. Иргэд, сонгогчид ч хүйсийн тэгш төлөөллийг хангахын одоогийн, бас хожмын эерэг нөлөөг төсөөлж, хүлээх мэдлэг, мэдрэмжтэй болсон тул эрх биш анзаарсан байлтай. УИХ-ын сонгуулийн өмнө танилцуулсан “Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцооны талаарх олон нийтийн төсөөллийн судалгаа”-ны үр дүнг 2021 онд хийсэн анхныхтай нь харьцуулахад нийгэм, улс төрийн үйл ажиллагаанд эмэгтэй хүний оролцоог нэмэгдүүлэх ёстой гэсэн хандлага нэмэгдсэнийг энд тодотгоё. Цаашлаад сонгогчид шийдвэр гаргах шатанд шинэ, залуу хүнийг дэмжих хандлага нэмэгдэж, гурван жилийн хугацаанд 42.6-гаас 58.7 хувьд хүрснийг уг судалгаанаас харж болно. Хамгийн гол нь эмэгтэйчүүдийг сонгох, дэмжих хөрс суурь, уур амьсгал талаасаа энэ хүйсийнхэнд ээлтэй гэмээр орчин бүрдсэн үед тэд сонгуульд амжилттай оролцож, төлөөллөө нэмж чадах уу.
Улсын хэмжээнд энэ удаагийн сонгуулиар 2389 тойрогт 8028 мандатын төлөө нам, эвслүүдийн болон бие даан нэр дэвшигчид өрсөлдөнө. 2020 оны сонгуулиар 21 аймгийн наймд нь АН, бусдад нь МАН олонх болсон. Мөн нийслэлийн ИТХ-ын 45 суудлаас ХҮН нам гурван суудал л авсныг санаж, орон нутгийн түвшинд үүнээс аль болох олон нам, эвслийн илүү олон төлөөллийг хангасан, хүйсийн хувьд тэнцвэртэй сонголт хийх, эсэх нь улс төрийн хүчнүүдийн удирдлагаас хамаарах болчхоод байна. Нөгөө талаас өнгөрсөн сонгуулиудын үйл явц болон өдгөө энд дурдсан мэдээллээс харахад ч бүсгүйчүүд зөвхөн квотод найдах нь дэндүү гэнэн явдал болохыг сануулъя. Нэр дэвшүүлэх ажиллагаа дуусахад хэдхэн хоног үлдсэн тул хүйсийн төлөөллийн хувьд үргэлж чамлалттай явж ирсэн эмэгтэйчүүд өөрсдөө санаачилгатай, дайчин байж, шаардлагатай бол шүгэл үлээж, шийдвэр гаргагч, дарга нараа шахаж, шавдуулахаа мартаж болохгүй. Хуулиар тогтоосон квотыг тааз, дээд босго хэмээн ойлгож, хэрэгжүүлж ирсэн хандлагыг хэрхэвч хүлээн зөвшөөрөх учиргүй.