Өнгөрсөн баасан гараг болон амралтын өдрүүдэд “UB food” фестиваль зохион байгуулсан нь цаг үргэлж хөл хөдөлгөөн ихтэй байдаг Сүхбаатарын талбайг дүүргэв. Монгол болон олон үндэсний хоолны соёлыг иргэд, жуулчдад таниулах зорилготой тус үйл ажиллагааг 2013 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй билээ. Энэ удаа зоогийн газар, ресторан, кофе шоп зэрэг хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 40 гаруй байгууллага оролцжээ. Тэд монгол үндэсний болон европ, хятад, япон, солонгос, тайланд, энэтхэг хоол болон зууш, амттанаар иргэдэд үйлчиллээ. Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын тогооч нарын холбоотой хамтран уг фестивалийг зохион байгуулав. Уг үйл ажиллагааны асар бүрд өөр өөрийн онцлог бүхий хоолноос гадна амьд болон жазз хөгжмийн тоглолт, хүүхдийн тэмцээн, “Бургер, стейк хэн хурдан идэх вэ”, “Амтыг таа” зэрэг уралдаант тэмцээн болж, япон косплей хувцасны үзүүлбэр, сугалаа зэрэг олон үйл ажиллагаа зохион байгуулсан юм. Үүнээс гадна тогооч нар ил гал дээр цогшуулж шарсан хонины мах, дөрвөн өөр төрлийн махтай, арван метрийн урттай шорлог, пицца хийж нийслэлчүүдийг дайлав. “Good chef Mongolia”-гийн тогооч “Энэ фестивальд гурав дахь жилдээ оролцож байна. Зохион байгуулагчдын зүгээс тусгай хоолны шоу үзүүлж иргэддээ бэлэг барьдаг. Өнгөрсөн жил бид хонины махыг бүтнээр нь хуйхалж шарсан. Мөн гахайн 200 кг махыг шарж, таван метрийн урттай сэндвич хийж иргэдээ дайлсан.
Фестивалийн цар хүрээ жил ирэх тусам тэлж буйд баяртай байна” гэлээ. Нийслэлийн Аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Д.Оюун-Эрдэнэ “Энэ жилийн онцлог нь хоолны нэр, төрөл, амт чанарыг нэмэгдүүлэх, тогооч нарын ур чадварыг сайжруулах зорилгоор Япон, БНСУ, Узбекистан, Хонконг тэргүүтэй долоон орон руу 54 тогоочоо бэлтгэхээр явуулсан. Өнөөдрийн фестивальд тэд хоол хийж, иргэд, жуулчдад амтлуулж байгаа юм. Мөн жил бүр шилдэг байгууллагыг шалгаруулдаг. Өнгөрсөн жил “Auraro” зочид буудлын рестораны хамт олон шалгарсан. Зохион байгуулалт, ариун цэвэр, үйлчилгээ, хувцаслалт, хоолны онцлог зэргийг шалгуур болгодог” гэв. “Aurora” зочид буудлын рестораны ахлах тогооч Ж.Нэргүйбаатар “Энэ жилийн онцлох хоол маань үхрийн хавиргатай паста. Манай ресторан жил бүр хоолны нэр, төрөл, амт чанарыг сайжруулахыг зорьдог. Таван төрлийн хоолыг иргэдэд амтлуулж байна. Хоолнууд маань 15 000-21 000 төгрөгийн үнэтэй. Нийслэлийн Аялал жуулчлалын газраас байгууллагуудад шалгуур тавьж оролцох зөвшөөрөл олгодог. Дараа дараагийн жилүүдэд илүү олон байгууллага хамрагдаж, иргэд өргөнөөр үйлчлүүлээсэй” гэв. Гурван өдөр үргэлжилсэн үйл ажиллагаанд иргэд цөөнгүй ирэв. Нийслэлийн төв талбайд зассан тайзанд жазз хөгжмийн хамтлаг сонсголонтой ая тоглоно. Түүнийг үзэх гэр бүл, хосууд, хоорондоо инээлдэн ярилцах хүүхдүүд зүлгэн дээр тухалжээ. Тайзыг хүрээлсэн асруудад тогооч нар төрөл бүрийн хоол хийж, зарим асрын үүдэнд хоол амтлахаар ирсэн хүмүүсийн урт дараалал үүссэн харагдана.
Тэдгээр асарт узбек үндэсний гахайн махан плов 15 000, хонины махан нь 25 000, данагар шорлог 30 000, мексик тако 20 000, хорхог 15 000, хуушуур 2500 төгрөгийн үнэтэй байв. Тэнд хооллож буй иргэн “Анх удаа фестивальд ирж байна. Энэ үйл ажиллагаа маш их таалагдлаа. Орон орны хоолны хоолыг нэг дор амтлах боломж олгосноороо нь давуу талтай байлаа. Гэвч байршлын хувьд улсын төв талбайд болж байгаа нь зохимжгүй санагдлаа. Жуковын талбай, Төв цэнгэлдэх хүрээлэн зэрэг өөр газарт зохион байгуулж болно шүү дээ. Мөн ил задгай хоггүй байгаа нь сайхан санагдлаа” гэлээ. Зарим иргэн энэ саналыг нь дэмжиж буйгаа илэрхийлсэн юм. Иргэдийг олноор хамруулахын тулд Сүхбаатарын талбайд зохион байгуулах нь зөв гэх хүн ч байв. Нийслэлчүүд аливаа үйл ажиллагаанд цэвэрхэн, соёлтой оролцож сурч буй ажээ. Хэдийгээр төв талбайд хогийн сав элбэг байгаагүй ч иргэд хогоо ил задгай хаях нь үзэгдэхгүй байв. Мөн зохион байгуулагчид ил хаясан хогийг түүж цэвэрлэх ажлын хэсэг гаргасан байлаа. “Хүмүүс идсэн хоолны үлдэгдэл, хогоо ил задгай хаялгүй аваад явж байна. Өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад иргэд илүү боловсон, соёлтой үйлчлүүлдэг болжээ” гэж зохион байгуулагчид хэллээ.
Н.Амарзаяа