Ээлжит бус чуулганы хуралдах хугацааг сунгалаа УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2024 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс наймдугаар сарын 27-ны өдрүүдэд хуралдуулах тухай захирамж гаргаад байсан.
УИХ-ын ээлжит бус чуулганаар “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай”, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд, бусад хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэхээр тогтсон юм. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаар дээрх хуулийн төслүүд дээр нэмж Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит бус чуулган хуралдах хугацааг 2024 оны наймдугаар сарын 30-ны өдөр болгон сунгаж, хэлэлцэх асуудлын дараалалд “Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг нэмэхээр тогтжээ.