"Ид шидийн орон-1" найман жилийн өмнө Улаанбаатар хотын баруун зах Зүүн салаа, Баянхошуу хоёрын голд сүндэрлэж байлаа. Тэрхүү 2017 оноос хойш "Ид шидийн орон-2" хотын зүү зах Улиастайд сүндэрлэж, цаашлаад Дундговь, Хөвсгөл, Хэнтийд хүүхдэд ээлтэй "Ид шидийн орон-3,4,5"-ыг олон түмний сэтгэлийн хүч, хандиваар босгож чадсан. Өнөөдөр бүр хэдхэн хормын дараа "Ид шидийн орон-6"-гийнхаа нээлтийг хийх гээд Говь-Алтайн хүүхэд залуус, "Лантуун дохио" ТББ-ынхан бужигнаж байна. Хөгжилд суурилсан хүүхэд хамгааллын үйлчилгээг түгээн дэлгэрүүлэх, хүртээмжтэй байдлыг хангасан сайн туршлага бүтээх зарчмаар ажилладаг Ид шидийн орон ийн нэгээр нэмэгдэж байна. Тэд нээлтээ хийх гэж шинэхэн босгосон хүүхдийн ордноо шөнөжин угааж, арчиж, зүтгэж барилгын хог хаягдлыг нь зөөж хоножээ. Хүүхэд хөгжил, хамгааллын төвд орж ирэхийг хүссэн хүүхдүүд үүдээр бөөгнөрч, урт дараалал үүсгэн, сэтгэл догдлон хүлээж байна.