“Манж судлал-2024” олон улсын эрдэм шинжилгээний анхдугаар хурал МУИС-ийн хичээлийнI байрны эрдмийн танхимд өнөөдөр болно. Хурлыг цахимаар шууд дамжуулах юм байна. Манай улс эртнээс манж сан хөмрөгийг хадгалж, сурвалж, архив, албан бичгийн өвийг судалж ирсэн билээ. Манж судлалын тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцэх, хэл, бичиг, соёл, түүхийн чиглэлээр судалгаа хийдэг гадаад,дотоодын судлаачдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ судалгаа шинжилгээний үр дүнг хуваалцах, сурталчлах нь уг хурлын нэг зорилго аж. Монгол, Япон, БНХАУ, БНСУ, АНУ тэргүүтэй 12 улсын 50 гаруй судлаач үүнд оролцох нь. Тэд манж хэл, түүхтэй холбоотой судалгаа шинжилгээний 51 илтгэл хэлэлцүүлэх гэнэ.
Сонирхуулахад, Монгол Улсын Үндэсний номын сангийн Дорно дахины номын сан хөмрөгт 6000 гаруй манж ном бий. Монгол гар бичмэлийн сан хөмрөгт мөн манж-монгол хадмал ном, Манжийн хаадын өргөмжлөл байдаг аж. Түүнчлэн Үнэт ховор номын музейд нь Манжийн үеийн цөөн тооны дурсгалыг хадгалдаг юм байна. Манай улс МУИС-д манж судлалын тусгай мэргэжилтнийг 2015 он хүртэл бэлтгэдэг байжээ. Өдгөө тус сургуульд манж судлалаар магистр, докторын хөтөлбөрөөр гадаадын хоёр оюутан суралцдаг. Энэхүү эрдэм шинжилгээний хурлыг Монгол Улсад гурван жил тутамд зохион байгуулахаар хэлэлцэж буй аж.