Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгууль ирэх аравдугаар сарын 11-нд болно. Уг сонгуульд оролцох нам, эвслүүд тус тусын аймаг, сум, нийслэл, дүүргийн сонгуулийн хороонд энэ сарын 12-ны дотор хүсэлтээ илгээсэн. Хуулийн дагуу эдгээр нам, эвслийг бүртгэх, эсэхийг холбогдох шатны сонгуулийн хороод хүсэлт авснаас хойш тав хоногт багтаан гаргах учиртай. Үүний дагуу өнгөрсөн баасан гарагт АН, ИЗНН-ынхан нийслэлийн сонгуулийн хорооноос тогтоолоо гардаж авсан байна. Нийслэлийн ИТХ-ын сонгуульд оролцохоор 15 нам, нэг эвсэл хүсэлтээ гаргасныг бид өмнө нь мэдээлсэн. Эдгээрээс хэдийнх нь материал шаардлага хангасан тухай нэгдсэн дүн хараахан гараагүй байна.
Ташрамд дурдахад, нийслэлийн МАН-ын хороо хуралдаж, ээлжит орон нутгийн сонгуульд оролцох, нэр дэвшүүлэх, санал хураах, дүн гаргах журмаа баталсан байна. Тус намын нийслэлийн хорооны дарга, хотын захирагч Х.Нямбаатар “Бид хамтарсан Засгийн газрын дэвшүүлж буй “20 минутын хот” концепцыг хэрэгжүүлэх, “20 минутын хот, хотын сэргэлт” гэсэн уриатай мөрийн хөтөлбөр боловсруулсан. Үүнийг хэрэгжүүлэхүйц бүрэлдэхүүнийг сонгуульд нэр дэвшүүлнэ” гэжээ.
С.УУЛ