Ёлын аманд очсон нэгэн жуулчин ёл шувуу үзэж чадаагүйдээ сэтгэл гонсгор буцсан гэнэ. Зарим нь тухайн бүсэд үзэж харах зүйл хомс, олигтойхон үйлчилгээч байдаггүй хэмээн шүүмжилж байна. Үүнээс үүдээд Ёлын аманд хэдийд, хэрхэн очвол тохиромжтой, тэнд чухам юу үзэж, таашаах боломжтой талаар мэдээлэл бэлтгэхийг зорилоо.
Өмнөговь аймаг дахь “Гайхамшигт говь” аялал жуулчлалын холбооны тэргүүн Х.Түмэндэлгэр “Хүмүүс Ёлын амыг мөнхийн цас, мөстэй байдаг гэж боддог. Бодит байдалд тийм биш. Тус амны гүн хавцал дундуур нэгэн нарийхан горхи урсдаг юм. Ус ихтэй жил энэхүү горхийг дагаад зузаан мөсөн бүрхүүл тогтож, зуны эхэн сар хүртэл байдаг. Говьд мөс үзнэ гэдэг яалт ч үгүй ховор сонин тохиол. Тиймээс гадаад, дотоодын жуулчид Ёлын амны хавцлыг мөстэй байхад нь зорьж ирж, үзэхийг боддог. Хур тунадас, горхины урсац бага жилүүдэд нимгэн мөсөн бүрхүүл тогтож, тэр хэрээр хавар эрт хайлчихна. Харин бороо хур элбэг, ус ихтэй үед мөсний зузаан 3-4 метрт хүрч, зургаадугаар сарын дунд үе хүртэл хайлдаггүй юм. Ёлын ам далайн түвшнээс 2800 орчим метрийн өндөрт оршдог, нар бага тусдаг учир мөнхийн сэрүүн уур амьсгалтай, хүйтэн агаар хавцлын голоор нэвт урсаж байдаг онцлогтой. Мөс нь хайлаагүй байхад очъё гэвэл 5-6 дугаар сар хамгийн тохиромжтой. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр тус горхины урсац сүүлийн жилүүдэд эрс багасаж, мөсөн бүрхүүл олигтой тогтохоо байсан. Харин энэ зун бороо их орсны ачаар ирэх өвөл дориун зузаан бүрхүүл тогтож магадгүй нь” хэмээн ярилаа.
Харин зөвхөн Ази тивд байдаг гэх ёл шувууг тэнд харах боломжтой, эсэхийг асуухад “Эл жигүүртнийг олж харна, танина гэдэг амаргүй. Учир нь тэнд Хималайн болон хар тас, цармын бүргэд зэрэг олон зүйлийн махчин шувуу нутагладаг. Ёлыг онцлох шинж тэмдэг, гадаад дүр байдлаар нь сайн мэддэг хүн л бусад шувуунаас ялгаж, таньж олж харна. Махчин шувуудын унтлагын газар гэгддэг хадан хясаа бүхий тусгай цэг ч бий. Нар тусдаггүй, мөнхийн сүүдэртэй газар олонтой учраас шувууд амардаг, үүрнээсээ гардаг өглөө, оройн тогтсон цаг ч гэж байдаг” гэв.
Ёлын ам нь Улаанбаатар хотоос 650, Өмнөговь аймгийн төвөөс 45 км-ийн зайд, Говь гурвансайханы байгалийн цогцолборт газрын Зүүнсайхан уулын аманд оршдог. Манай улсад ирж буй, говийн бүс нутгаар аялагч жуулчдын 60-70 орчим хувь нь энэ газрыг зорьдгийг орон нутгийн судлаач тодотголоо. Зэргэлдээ нь Мухар шивэрт, Дүнгэнээ, Баяжихын зэрэг үзэсгэлэнт ам ч бий гэнэ. Мөн ойр орчимд нь “Говийн өргөө”, “Дүнгэнээ тур”, “Ханбогд”, “Гранд говь”, “Говийн баян бүрд”, “Говийн наран” зэрэг жуулчны баазууд гадаад, дотоодын аялагчдыг жилийн дөрвөн улиралд хүлээн авдаг юм байна.
Яг одоо Ёлын ам руу явахад хамгийн тохиромжгүй үе нь аж. Сүүлийн өдрүүдэд бороо их орсноос тухайн хэсгийн зам харгуй үерт автаж, эвдрэн, тээврийн хэрэгсэл саадгүй зорчих аргагүй болжээ. Үерийн ус татартал зам засварын ажлыг яаран эхлүүлэхгүй гэж орон нутгийн холбогдох байгууллагаас шийджээ. Иймд тухайн чиглэлд зорчихоор төлөвлөж буй иргэд, аяллын компанийнхныг болзошгүй эрсдэлээс сэргийлэн, зохицуулалт хийхийг Өмнөговь аймгийн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн газар, Говь гурвансайханы байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас анхааруулав.