Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумд 50 МВт-ын хүчин чадал бүхий дулааны цахилгаан станц барих төсөлд зориулан “Райд Монголиа” ХХК-ийн импортоор оруулж ирэх тоног төхөөрөмжид ногдуулах нэмэгдсэн өртгийн албан татварыг дөрвөн жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхийг Засгийн газрын хуралдаанаас зөвшөөрлөө. Уг дулааны станцын барилга угсралтын ажлыг эхлүүлсэн юм байна. Мөн Сэлэнгэ аймгийн Түшиг сумын нутагт орших Хужиртын нүүрсний уурхайгаас хэрэглээгээ хангахаар тооцож, жилд 285.9 сая кВт цахилгаан эрчим хүч, 373 мянган Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэн түгээх хүчин чадалтай байхаар техник, эдийн засгийн үндэслэлд нь тусгажээ. Нийт 141.1 сая ам.долларын хөрөнгө оруулалт бүхий дулааны цахилгаан станцын эхний үе шат болох 25 МВт-ыг 2025 оны аравдугаар, хоёрдугаар блокийг 2026 оны гуравдугаар сард тус тус ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна.