Хамтарсан Засгийн газар байгуулсан МАН, АН, ХҮН намынхан аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд тус тусдаа оролцохоо мэдэгдлээ. Бодлогын хувьд нэгдэж, том төслүүдээ урагшлуулах, улс орны тулгамдсан асуудлыг хамтран шийдэх зорилгоор тэд хамтарсан Засгийн газар байгуулсан. Гэвч энэ “ойлголцол” нь орон нутгийн сонгуульд хамаагүй аж.
УИХ-ын сонгуулийн өмнө АН-ынхан найман жил засаг барьсан МАН-ыг “Сольё” уриа дэвшүүлж байсныг уншигчид санаж буй. Гэвч солих биш, хамтарчихсан. Сөрөг хүчин болж ажиллах болов уу хэмээн найдсан ХҮН намынхан ч Л.Оюун-Эрдэнийн урилгыг баяртайгаар хүлээж авав. Сонгуулиар ярьсан сүржин ухуулга, мэдэгдэл нь сураггүй. Гэхдээ тэд орон нутгийн сонгуульд ялах, төлөөллөө ахиулах алс холын бодолд дараатай яваа бололтой.
Дээрээ эвссэн ч доороо өрсөлдөнө
НАМУУДЫН ЗОРИЛГО
МАН-ынхан 2020 оны орон нутгийн сонгуулиар 21 аймгийн 13-т ялж, нийслэлийн ИТХ-ын 45 суудлын 34-ийг нь авсан. Тэд эл үр дүнгээ хадгалж, илүү ахиулахыг хичээх нь тодорхой. Тус намын нийслэлийн МАН-ын хороог хотын захирагч Х.Нямбаатар даргалах болсон. Өөрөөр хэлбэл, бүх юманд “хүртээмжтэй” энэ нөхөр МАН-ын нийслэлийн сонгуулийг удирдах нь. Улмаар нийслэлийн Засаг даргаар улирч ажиллахыг зорино.
Эрх баригч намтай тулах улс төрийн ганц хүчин нь АН. Дотоод талцал, хагарлаа тодорхой хэмжээнд цэгцэлсэн ч тус намынхан сэхээнээс бүрэн гарч амжилгүй УИХ-ын сонгуульд оролцсон. Нэг намын тогтолцоо хүчирхэгжиж, ардчиллын үнэт зүйлс улам хумигдаж буй учраас хүчтэй сөрөг хүчнийг хүссэн ард түмэн АН-ыг 42 суудалтай болгосон юм. Тэд эдүгээ Засгийн газарт хамтарч, найман сайдтай болоод байна. Хүчтэй сөрөг хүчин байхын оронд хамтарч төрийн эрх барьж буй удирдлагынхаа эл шийдвэрт эргэлзсэн, дургүйцсэн гишүүн тус намд цөөнгүй бий. Хэдий тийм ч улс төрийн намын хувьд бодлогоо хэрэгжүүлэх, төр барилцах нь үндсэн зорилго байдаг учраас үүгээр дээрх шийдвэрийг зөвтгөж буй. Одоо хамтарсан Засгийн газарт хамгийн либерал шийдвэрийг гаргаж, мөрийн хөтөлбөрт тусгасан бодлогоо бүх шатанд хэрэгжүүлж ажиллах ёстой гэсэн шаардлагыг энгийн гишүүд нь тавьж байгаа аж. Ингэж чадахгүй бол энэ намын нэр хүнд бүр л унана. Гэтэл одоо сайд нар нь хамтран төр барьж буй намтай эн тэнцүү байр сууриас биш, ажил олгогчтойгоо харилцах ажилтны дүртэй байна гэсэн шүүмжлэл ч бий. Тиймээс гишүүдийнхээ урмыг хугалахгүйн тулд АН орон нутгийн сонгуульд амжилтаа ахиулах ёстой болж байна.
Нийслэлийн АН-ын даргаар Д.Батцогт ажилладаг. Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, Засаг даргын орлогч, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч байсан эл залуу олон нийтэд төдийлөн танил биш. Гэхдээ дүүргийн Засаг даргын орлогчоор найман жил ажилласан туршлага нь намынхаа нийслэлийн сонгуулийг удирдахад хэрэг болох биз ээ. АН-ынхан 2020 оны орон нутгийн сонгуулиар найман аймагт ялж, нийслэлийн ИТХ-д найман төлөөлөлтэй болсон. Одоо илүү олон аймагт ялж, нийслэлийн парламентад олонх болохыг зорьж буй. Гэвч дотоод дахь “шарх” нь аньж амжаагүй тус намынханд орон нутгийн сонгууль хэр ээлтэй байх бол. Уг нь АН нийслэлд олонх болж ажилласан 2012-2016 онд Улаанбаатарын “нуруу” амсхийж, шарилж, хогноосоо салж, огцом өөрчлөгдсөн билээ. МАН ийм хэмжээнд ажиллаж чаддаггүй гэхэд болно.
АН-ын ҮБХ-ны гишүүн, улс төр судлаач О.Чулуунбилэг “Манай нам 2016 оны ялагдлаас хойш институцийн хувьд тогтмол уруудсаар байна. Үндэсний бодлогын хорооны гишүүдэд ирдэг мэдээлэл нь татвараа хэзээ төлөх, ямар нэгэн даргын томилгоог баталгаажуулах гэсэн хоёрхон төрлийн мессежээр хязгаарлагддаг. АН-ын байр суурь, улс төрийн үйл ажиллагааг бид сошиал орчноос л уншиж, мэддэг болоод удлаа. Өнөөдрийн АН бол намын нэр барьж эрх баригчидтай уулздаг гурван дарга, яахаа мэдэхгүй ч нам нь засагт хамтарч байгаад хүлээцтэй хандсан ҮБХ-ны 500 гишүүн, АН-д данстай байсныхаа төлөө эрх баригчдад адлуулж амьдарч яваа 120 000 хүнээс бүрдэж байна” хэмээн ярьжээ. УИХ-ын сонгуулиар олон нийтээс чамлахааргүй дэмжлэг авсан учраас өөрсдөө хичээж ажиллавал орон нутгийнхад ч амжилт үзүүлэх боломжтойг тэр дурдсан байна лээ.
ХҮН намын тухайд 2020 оны орон нутгийн сонгуульд аймаг, сумд 35, нийслэл, дүүрэгт 83 хүн нэр дэвшүүлж байсан аж. Гэхдээ зөвхөн нийслэлийн ИТХ-д гурван суудал авсан. Мөн таван дүүрэгт нийт 12 төлөөлөгчтэй болсон . Болж өнгөрсөн УИХ-ын сонгуулиар парламент дахь ганц суудлаа найм болгон нэмсэн тэд нийслэлийн ИТХ-д бүлэг байгуулах хэмжээний төлөөлөлтэй болохыг зорих нь. Тус намын нийслэлийн хороог Э.Золзаяа хэмээх бүсгүй удирдаж буй. Тайванийн Дунхуа их сургуулийг төгссөн, байгалийн ухааны магистр, урбанист эл бүсгүй УИХ-ын сонгуулиар намынхаа жагсаалтын 48-д бичигдэж байсан юм. Үүнийгээ тэрбээр “Албаар ингэж нэрээ бичүүлсэн” хэмээн лаад нийслэлийн сонгуулиа удирдахтайгаа холбон тайлбарласан. Улаанбаатар хотод тулгамдаж байгаа олон асуудлыг шийдэх чадварлаг боловсон хүчнээр багаа бүрдүүлж өрсөлдөх нь түүний гол тактик гэнэ. Харин ХҮН нам аймаг, сумуудад амжилттай оролцох магадлал муу. Тэнд гуравдагч хүчнийхэн анхан шатны байгууллагаа тэр бүр байгуулаагүй нь үнд нөлөөлдөг биз ээ.
ЭЭЛЖИТ ЖҮЖИГ БОЛОХ УУ
Засгийн газрын түвшинд хамтарсан дээрх гурван нам орон нутгийн сонгуульд тус тусдаа, өөр өөрийн зорилгоо хэрэгжүүлэхээр ийнхүү оролцох гэж байна. Засгийн газарт хамтрагч ч аймаг, нийслэл, сум, дүүргийн түвшинд өрсөлдөгч хэвээр байх бололтой. Нэг толгойтой, олон хөлтэй болох юм даг уу даа. Тал тал тийш тарж гүйлдэх олон “хөл”-өө толгой нь захирч дийлэх үү гэсэн асуулт гарна. Зөрчилтэй харагдах эл үйлдлийг нь нийгмийн сүлжээнд шүүмжлэх хүн цөөнгүй байна.
Одоо АН, ХҮН намынхан УИХ-ын сонгуульд оролцож байсан үеийнх шигээ МАН-ыг эрэмгий шүүмжилж чадах уу. “Яагаад хамтарчихсан юм” гэсэн сонгогчдын асуултад олигтой хариулт ч өгч чадахгүй яваа. Нэг л “мөлгөр” сонгууль болох юм биш үү. Хэдийгээр тусдаа оролцож буй ч сонгуулийн дараа яг л парламентын шатанд болсон явдал давтагдах юм биш байгаа, энэ бүхэн нь хөшигний ард хэдийн дэглэсэн жүжиг байх вий гэх хардлага ч гарав.
ӨМНӨХ ТУРШЛАГА ЯМАР БАЙВ
УИХ-ын сонгуулийн дүнгээр олонх болсон атлаа хамтарч Засгийн газар байгуулсан туршлага манай улсад бий. 2008 онд тухайн үеийн МАХН-ын дарга С.Баяр өнөөдрийн Ерөнхий сайдтай ижил шийдвэр гаргаж байв. Уг сонгуулийн дараа “Долоодугаар сарын 1”-ний гэж нэрлэсэн үймээн болж, таван ч хүний амь үрэгдсэнийг бид мартаагүй. Тиймээс олонх болсон МАХН-ынхан АН-д хамтрах санал тавьж, тухайн үедээ “стандарт бус Засгийн газар” байгуулсан түүхтэй. Мөн 2004 онд МАХН, АН ойролцоо суудал авсан тул Үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулсан юм. 2012 оны сонгуулиар АН-ынхан ч мөн МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвсэлтэй хамтарч байлаа.
Хамтарч Засгийн газраа байгуулсан намууд тухайн жилийнхээ орон нутгийн сонгуульд хэрхэн оролцсон бэ. 2008 оны орон нутгийн сонгуульд нийслэлийн ИТХ-ын 45 мандатын төлөө МАН, АН тус бүрдээ нэр дэвшүүлэн оролцсон аж. Улмаар МАН-аас 36, АН-аас есөн төлөөлөгч сонгогдсон байх юм. Н.Алтанхуягийн Засгийн газар “Шударга ёс” эвсэлтэй хамтран Засгийн газар байгуулсан 2012 онд парламент болон орон нутгийн сонгуулийг зэрэг явуулсан. Тэгэхээр анхнаасаа МАН, АН-ынхан сонгуульд дан дангаараа оролцсон байх нь. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын түвшинд эвсэл болсон ч орон нутагт өрсөлдөгч хэвээр явсан юм байна. Тэгэхээр дээрээ эвссэн ч доороо өрсөлддөг нь манай улс төрд хэвийн жишиг аж.