Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр орсон борооны улмаас Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто зам хэд хэдэн хэсгээрээ усанд автаж, эвдрэн, жолооч нар сонор сэрэмжтэй зорчихоос аргагүйд хүрээд буйг “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-аас мэдээлсэн. Тэгвэл Өмнөговь аймгийн Булган сумын нутаг, Арц богд уулын дагуу орших Баянзагийн хоолойд их хэмжээний үер бууснаас тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсныг орон нутгийн аялал жуулчлалын байгууллагынхан анхааруулж байна.
Баянзаг нь говийн уулархаг бүсэд орших шаварлаг хурдас бүхий газар бөгөөд судлаачид тухайн бүсэд үлэг гүрвэл амьдарч байсныг гэрчлэх палеонтологийн олон арван олдвор илрүүлсэн байдаг. Тиймээс гадаад, дотоодын жуулчид тус газрыг зорих нь элбэг. Харин одоо тухайн газарт их хэмжээний үер бууснаас жуулчид машинтайгаа элсэнд суух, тээврийн хэрэгсэл нь эвдрэх, урсах нөхцөл үүсээд буй гэнэ. Даланзадгад сумын зүүн урд орших Хан-Уул, Баруунсайхан уулын ар, Дунд, Зүүн сайханы зүүн талаас буусан үер Баянзагийн хоолойд нийлж, нуур тойром шиг их устай хөндий бий болгожээ. Тус чиглэлд зорчиж буй жуулчид үерийн усыг гаталж чадахгүй буцсаар байгаа аж. Тиймээс говийн бүс рүү жуулчин тээвэрлэж буй жолооч, хөтөч, тайлбарлагчдыг үер усны эрсдэлээс сэргийлж, болгоомжтой зорчихыг Өмнөговь аймаг дахь аялал жуулчлалын байгууллагуудаас анхаарууллаа.