Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд оролцох нам, эвслүүдийн хүсэлтийг авах хуулийн хугацаа энэ сарын 12-ноор дуусав. Орон нутгийн сонгуульд оролцох, эсэх тухай хүсэлтийг аймаг, дүүрэг тус бүрээр хүлээж авсан байна.
Нийслэлийн сонгуулийн хороонд нийт 15 нам, нэг эвсэл хүсэлтээ ирүүлсэн аж. Хамтарсан Засгийн газарт нэгдсэн гурван нам болох МАН, АН, ХҮН уг сонгуульд тус тусдаа оролцох нь. Мөн ИЗНН, БНН, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч, Иргэний хөдөлгөөний, Ард түмний хүч, Хөгжлийн хөтөлбөр, Үнэн ба зөв, Ард түмний олонхын засаглал, Гэр хороолол хөгжлийн, ШИНЭ нам нийслэлийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшүүлэн өрсөлдөх хүсэлтээ илэрхийлжээ. Уг сонгуульд хамтарч оролцохоо зарласан хэдий ч Иргэдийн оролцооны нэгдэл, Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн намынхан тус тусдаа хүсэлтээ өгсөн юм байна. УИХ-ын 2024 оны сонгуульд 21 нам, хоёр эвсэл оролцсон. Эдгээрээс гагцхүү Үндэсний эвсэл л энэ бүрэлдэхүүнээрээ дараагийн шатанд өрсөлдөхөөр шийджээ. Харин Шинэ нэгдсэн эвслийг бүрдүүлж байсан МУНН уг сонгуулийг алгасаж, ШИНЭ намынхан дангаараа өрсөлдөх нь.
Нийслэлийн есөн дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухайд Үндэсний эвсэл бүх дүүрэгт хүнээ сойж буй юм байна. Багахангай, Налайх дүүрэгт хамгийн цөөн буюу тус бүр тав, Багануурт зургаа, Чингэлтэйд найман нам хүсэлтээ ирүүлсэн гэнэ. Баянгол, Сүхбаатар дүүргийн сонгуулийн хороонд ес, Хан-Уул, Баянзүрх дүүрэгт тус бүр 10 намаас ИТХ-ын сунгаанд оролцохоо мэдэгдсэн аж. Тухайн шатны сонгуулийн хороод нам, эвслүүдийн баримт бичгийг хянаад, тав хоногт багтаан бүртгэх, эсэхээ шийдэх юм.
Бэлтгэсэн С.Уул