Хүрэн баавгай суурьшлын бүс, малчдын хотонд ойр орж ирэх тохиолдол сүүлийн үед цөөнгүй гарч байгааг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас анхааруулав. Ялангуяа Сэлэнгэ, Дархан-Уул зэрэг ой бүхий аймагт энэ зун ийм явдал хэд хэдэн удаа бүртгэгджээ. Тиймээс баавгай суурьшлын бүсэд үзэгдсэн тохиолдолд аймаг, нийслэлийн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн газарт хандах, хүүхэд, эмэгтэйчүүдийг хараа хяналтгүй орхихгүй, малд явуулахгүй байх, машин техник болон харилцаа холбооны хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангахыг дээрх яамнаас иргэдэд зөвлөв. Харин нийслэл, орон нутгийн холбогдох байгууллагынханд эрсдэлтэй бүс нутагт амьдарч буй малчин өрхийн байршил, баавгайн шилжилт хөдөлгөөний замнал, явсан маршрутынх нь зураглалыг тогтоож, нүүлгэн шилжүүлэх, анхааруулах самбар байршуулах зэрэг арга хэмжээ авах даалгавар өгчээ. Түүнчлэн малчид, орон нутгийн иргэдийг яаралтай тохиолдолд Амьтны эрх хамгаалах нийгэмлэгийн 8800 1414, “Амьтан асралт” ХХК-ийн 99772972 дугаарын утсанд мэдээлж, тусламж хүсэхийг сануулав.