Сүүлийн жилүүдэд скүүтер, суррон, цахилгаан моторт тээврийн хэрэгсэл, унадаг дугуйнаас үүдэлтэй осол гэмтлийн тоо нэмэгдэх хандлагатай байна. 2022 онд 96, 2023 онд 229 хүн дээрх тээврийн хэрэгслээс унаж, гэмтэн, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авчээ. Харин энэ оны эхний долоон сард Гэмтэл согог судлалын үндэсний төв (ГССҮТ)-ийн Яаралтай тусламжийн тасагт ийм 178 тохиолдол бүртгэгдсэн байна. Хүүхэд, залуусын дунд скүүтер, суррон дугуйны хэрэглээ нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор гавал тархины эдийн гэмтэл, ясны цууралт, гар хөл буюу мөчдийн хугарал, зөөлөн эдийн хөхрөлт няцралт, цээжний хөндийн болон хэвлийн эдийн гэмтэл залуусын дунд зонхилон тохиолдож буйг эмч, мэргэжилтнүүд анхааруулав.
Нийслэлд дугуйн зам хангалттай хэмжээнд байхгүй. Мөн цахилгаан моторт дугуйн хэрэгслийг явган хүний болон авто замын хөдөлгөөнд оролцуулах тодорхой дүрэм, журамгүйгээс энэ төрлийн осол гэмтэл гарч байгааг холбогдох албаныхан мэдээлж буй. Скүүтер, суррон дугуйгаар зорчиж буй иргэд замын хөдөлгөөнд оролцох үедээ автомашинд мөргүүлэх, хаалга хашлаганд цохиулах, нүхэнд унах, онхолдож гэмтэх зэрэг тохиолдол цөөнгүй гарч буй аж. Үүгээр зогсохгүй явган зорчигчийг мөргөж гэмтээж байна. Тиймээс хамгаалалтын хэрэгсэл хэрэглэх, зорчих үедээ анхаарал сарниулах гар утас, чихэвч, таблет зэргийг хэрэглэхгүй байж, өөрийн болон бусдын эрүүл мэндэд анхаарал болгоомжтой хандахыг эрүүл мэндийн байгууллагаас сэрэмжлүүллээ.