Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын нутагт энэ сарын 7-8-нд шилжих шөнө аянга буусны улмаас хоёр өрхийн 500 гаруй бог хорогджээ. Тус аймгийн Онцгой байдлын газраас өчигдөр 13.00 цагийн орчимд энэ талаар тодруулахад “Есөнзүйл сумын нэгдүгээр багийн нутаг, Хөндий хэмээх газарт наймдугаар сарын 8-ны 01.00 цагт аянга бууснаас хоёр айлын 500 гаруй мал хорогдоод байна. Холбогдох байгууллагын хүмүүс байгалийн гамшгийн улмаас учирсан хохирлын хэмжээг эцсийн байдлаар тогтоох, малын сэг зэмийг цэвэрлэхээр газар дээр нь ажиллаж буй. Үүнээс өмнө буюу долоодугаар сарын 1-нд Төгрөг сумд хүчтэй аадар орж, аянга цахилгаан цахиснаас нэгэн айлын мал сүргээрээ уруудаж, нуурын усанд олноороо живсэн тохиолдол бүртгэгдсэн” гэв.
Сүүлийн өдрүүдэд бороо их орж байгаагаас аянга цахилгааны эрсдэл нэмэгдэн, иргэд амь, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох явдал олширсныг Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүлсээр байна. Өнөөдөр гэхэд төвийн болон говийн аймгуудаар, маргааш нутгийн зүүн хагаст дуу цахилгаантай, үргэлжилсэн усархаг бороо орох төлөвтэйг цаг уурын байгууллагаас мэдээллээ. Иймд орон нутгийн замд зорчигч, аялал зугаалгаар явж буй иргэд, малчид, тариаланчдад аянга цахилгаан, үер усны аюулаас болгоомжилж, сонор сэрэмжтэй байхыг анхааруулав.