УИХ-ын сонгууль дуусаж, шинэ парламент бүрдлээ. Анхны 126 гишүүн хэдийн тангаргаа өргөж, ажилдаа ороод байна. Тэгвэл одоо орон нутгийн сонгуульд анхаарах цаг ирэв. Парламент бодлого тодорхойлж, хууль тогтоодог бол аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид бидний өдөр тутмын амьдралд ойр шийдвэрүүдийг гаргадаг. Тэгэхээр сонгогчид уг сонгуульд илүү “хошуу дүрж”, хариуцлагатай хандах ёстой юм. Эл сонгууль аравдугаар сарын 11-нд буюу 62 хоногийн дараа болно.
Нэг нам найман жил үнэмлэхүй олонхоор, бүх шатанд төрийн эрхийг барьсны дараа, мөн сар гаруйхны өмнө дөрвөн нам, нэг эвсэл парламентад суудал авсны хойноос болох гэж буй учраас аймаг, нийслэл, сум, дүүргийн энэ удаагийн сонгууль зарим онцлогтой байх нь. Юуны өмнө гуравдагч хүчний намуудын идэвх илүүтэй сэргэсэн нь анзаарагдаж байна. Нам, эвслүүд энэ сарын 12-ноос өмнө сонгуульд оролцох хүсэлтээ илгээх ёстой. Дангаар, эсвэл эвсэж оролцох, эсэхээ шийдэхэд тэдэнд гурав хоногийн хугацаа л үлдсэн гэсэн үг. Тиймээс улс төрийн намуудаас хурлаа товлож, түрүүч нь шийдлээ гаргаад эхэлжээ.
8028 МАНДАТЫН ТӨЛӨӨ ӨРСӨЛДӨНӨ
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тойрог, мандатыг тухайн шатны хурлаас нь тогтоодог. Ингэхдээ хүн амын тоо, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарь, газар нутгийн хэмжээ, байршлыг харгалзана. Аймгийн ИТХ-ын сонгуулийг явуулахад сум тус бүрийг тойрог болгохоор хуульчилжээ. Сумын ИТХ-ын тухайд баг бүр нь тойрог байна гэсэн үг. Эдгээрийн дагуу аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-аас өнгөрсөн тавдугаар сарын 1-нээс өмнө тойрог, мандатын тоогоо тогтоосон юм. Архангай аймаг хамгийн олон буюу 41 тойрогтой бол Говьсүмбэр хамгийн цөөн буюу найман тойрог байгуулсан байна. Аймгуудын хэмжээнд нийт 558 тойрогт 745 төлөөлөгч сонгох нь. Харин нийслэлийн ИТХ-д нийт 12 тойргоос 45 төлөөлөгч сонгоно. Сум, дүүргийн тоог нэгтгэвэл улсын хэмжээнд энэ удаагийн орон нутгийн сонгуулиар 2389 тойрог, 8028 мандатын төлөө нам, эвслүүд өрсөлдөх юм байна. Мандатын тоог 2020 оны сонгуультай харьцуулахад 139-өөр цөөн юм билээ. Тухайн үед 8167 мандатын төлөө 17 149 хүн нэр дэвшин өрсөлдөж байжээ. Улмаар 21 аймгийн наймд нь АН, бусдад нь МАН олонх болсон. Харин нийслэлийн ИТХ-ын 45 суудлын 34-ийг МАН, наймыг АН, гурвыг нь ХҮН нам авсан юм.
Сонгуульд оролцох нам, эвслүүд тодорхой болсны дараа нэр дэвшүүлэх ажиллагаа өрнөнө. Энэ сарын 27-ноос ирэх есдүгээр сарын 2-ны хооронд орон нутгийн сонгуульд нам, эвслээс болон бие даан өрсөлдөх хүмүүсийн тоо тодорхой болно.
НАМУУД ДААГАА НЭХЭХ ҮҮ
2020 оны орон нутгийн сонгуульд 11 нам, нэг эвсэл оролцсон аж. Уг нь тухайн жилийн УИХ-ын сонгуульд 13 нам, дөрвөн эвсэл нэр дэвшигчдээ сойсон юм. Гэтэл орон нутгийн сонгуулиар Монгол консерватив болон Монголын хүний төлөө намын “Сахигтун! Үндсэн хуулийн 19” эвсэл л “гэрээ”-гээ үргэлжлүүлжээ. Бусад нь задарч, Шинэ эвслээс ганц Үнэн ба зөв, Зөв хүн электорат эвслээс ХҮН, Та, бидний эвслээс ИЗНН дангаар орон нутгийн сонгуульд оролцсон байна. Гуравдагч хүчний намууд орон нутгийн ИТХ-ыг “сонирхдоггүй”, тиймээс парламентын сонгуулиар байгуулсан эвслээ үргэлжлүүлэхийг тэр бүр хүсдэггүйг эндээс харж болно. Гэхдээ энэ удаа байдал арай өөр байж мэдэх нь. УИХ-д намуудын төлөөлөл нэмэгдсэн, МАН-ын үнэмлэхүй олонхын баг харьцангуй цөөрч, эвслийн Засгийн газар байгуулсан зэрэг нь гуравдагч хүчний намуудад нэг талаар урам өгчээ. Тэд аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-д төлөөлөлтэй болж, шат шатны засаглалд оролцож, бодлогоо хэрэгжүүлэх боломжтойг ойлгосон байна. Намууд уг сонгуульд хэрхэн, яаж оролцох тактикаа энэ өдрүүдэд боловсруулж буй юм. Гэхдээ гуравдагч хүчний намууд аймаг, сум гэхээс илүү нийслэл, дүүрэгт анхаарлаа хандуулж байгаа аж. Өрсөлдөж сонгогдох, ажил хийх магадлал нь хотод арай илүү гэж үзсэн бололтой. Тухайлбал, парламентад төлөөлөлтэй болсон Үндэсний эвслийнхэн нийслэлийн ИТХ-ын 45 мандатад бүрэн ирцээр нэр дэвшүүлэх гэнэ. Мөн зарим аймагт цөөн тоогоор нэр дэвшүүлэхээр төлөвлөжээ. Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намынхан ч энэ жишгээр нийслэлд анхаарлаа хандуулж ажиллах юм билээ. Тус намынхан эвсэл байгуулахгүй, дангаар ажиллах зарчимтай. Улмаар нийслэлийн ИТХ-ын 45 мандатын төлөө өрсөлдөх шийдвэр гаргасан юм байна. Иргэдийн оролцооны нэгдэл намынхан Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн намтай эвсэж, сонгуульд оролцох нь. ИОНН-ын дарга Ц.Оюунгэрэл энэ талаар “Орон нутгийн сонгуульд САИН намтай хамтарч оролцохоор үр бүтээлтэй хэлцэл хийлээ” хэмээн бичжээ. Тэд бусад намыг ч бас нэгдэхийг уриалж буй юм билээ. Болж өнгөрсөн УИХ-ын сонгуулийн үеэр ИЗНН-ынхан ийм уриалга гаргаад амжилтад хүрээгүй, эцэст нь дангаараа өрсөлдсөн юм даг. Гуравдагч хүчнүүд нэгдэж чадвал нийт сонгогчийн 30-40 хувийн саналыг авах орон зай бий гэдэг. Гэвч тэдний олон талын эрх ашиг нь ийм боломж олгодоггүй юм.
МАН-тай хамтарч эвслийн Засгийн газар байгуулсан хэдий ч АН нийслэлийн ИТХ-д олонх болох зорилго тавьж буй нь мэдээж. 2012-2016 онд АН нийслэлийн ИТХ-д олонх болж, тэр дөрвөн жилд хотыг хэрхэн өөрчилснийг бид мартаагүй байгаа. Өөрөөр хэлбэл, хэрүүл тэмцэл ихтэй ч хийхээ мартдаггүй нь тэдний давуу тал. Тэгвэл парламент дахь нэг суудлаа найм болгосон ХҮН намынхан хотын гурван квотоо бүлэг байгуулах хэмжээнд нэмэхийг эрмэлзэх нь тодорхой. Тэгэхээр нийслэлийн ИТХ-ын сонгууль нэлээд ширүүхэн болох төлөвтэй байгаа юм.
УИХ-ын сонгуулийн “шарх”-аа нөхөхөөр улс төрийн хүчнүүд орон нутгийн сонгуульд өмнөхөөсөө арай илүү ач холбогдол өгч, даагаа нэхэх, эсэхийг бид удахгүй харна. Энэ сарын 12-нд нам, эвслүүд сонгуульд оролцох тухай хүсэлтээ хүргүүлж, аймаг, нийслэлийн хороо бүртгэсний дараа дүр зураг илүү тодорхой болох биз ээ.
АЛДААГАА ЗАСАХ БОЛОМЖ
Улс төрийн хүчнүүд ирэх гурван өдөр бужигнаантай өнгөрөх бол сонгогчдын хувьд орон нутгийн сонгуулиар алдаагаа засах боломж олдож байна. Нийслэлийн ИТХ-д аль намын төлөөллийг түлхүү сонгохоос хамаарч бидний амьдрал өөдлөх, хот хөгжих, үгүйг шийднэ гэсэн үг. Өнгөрсөн найман жилд МАН бүх шатны сонгуульд ялсан. Экс Засаг дарга Д.Сумъяабазар гарааш буулган газар чөлөөлж, явган хүний зам тавьж, зүлэг тарьснаас өөр тоймтой ажил хийгээгүй. Харин ч түүний үед МАН-ынхан “ногоон автобусны хэрэг” өдөөсөн нь илчлэгдсэн. Нийслэлд бугшсан авлигатай тэмцэхээ зарлаж, түүний оронд гарч ирсэн Х.Нямбаатар ч гийгүүлэхүйц ажил хийж амжаагүй л явна. МАН парламентад олонхоо хадгалсан, одоо аймаг, нийслэл, сум, дүүрэгт ч улирна хэмээн төлөвлөж буй нь мэдээж. Тэгвэл тэдний өнгөрсөн найман жилийн ажилд УИХ-ын сонгуулиар хангалттай дүгнэлт хийж чадаагүйгээ залруулах боломж бүрдээд байна.
Ийнхүү орон нутгийн сонгуулийн гараа эхэлжээ. Хэдэн нам оролцох, хэн хэнтэй эвсэхээс гадна нэр дэвшүүлэх, тэдний зардлын асуудал бий. Үндэсний аудитын газраас нэг нэр дэвшигчийн зардлын дээд хэмжээг тогтоосон. Хан-Уул дүүрэгт нэр дэвшигчид хамгийн өндөр буюу 897.7, Багахангайд 99.5 сая төгрөг зарцуулах юм билээ.
Төрийн эрхийг барьж, бодлогоо хэрэгжүүлэх нь улс төрийн намуудын гол зорилго байдаг. Гэхдээ тийм зиндаанд тоглож хүч хүрэхгүй байгаа жижиг намуудын хувьд орон нутгийн сонгууль том сургууль, боломж болох учиртай. Ажил хийхийг хүссэн хүмүүст энэ бол чухал талбар. Нөгөө талаас сонгогчдын хувьд аар саар асуудлаар тойргоос нь сонгогдсон УИХ-ын гишүүн рүүгээ “шат давж” хандах гээд байдаг дутагдал бий. УИХ, ИТХ-ынхаа ялгааг ч сайн мэдэхгүй сонгогч цөөнгүй. Уг нь бол гудамж чинь оройд гэрэл гэгээтэй, тохижилт сайн, хүүхэд тоглох тухтай талбайтай байхаас эхлээд “ахуйн” асуудлыг тулж шийдэх учиртай байгууллага нь ИТХ юм. Ирэх дөрвөн жилд түгжрэлгүй, өвлийн хүйтнээр хэдэн цагаар автобус хүлээн даарч зогсохгүй амьдрах, эсэхийг энэ сонгуулиар шийднэ. Тиймээс УИХ-ынхаас илүү та, бидэнд ойр байх “ахуйн” сонгуульдаа илүү идэвхтэй оролцъё.