Даваа гарагт Бангладешийн Ерөнхий сайд Шейх Хасина албан тушаалаасаа огцорч Их Британи улсаас оргонол хүсжээ. Энэ тухай “Hindu” эх сурвалжийг дурдан мэдээлэв.
Зургаадугаар сараас хойш Бангладеш улсад өргөн хэмжээний жагсаал цуглаан болж, тогтворгүй байдал үүсээд байсан юм.
Тус улсын Дээд шүүх төрийн алба хаагчдын 35 хувь эрх чөлөөний дайчдын ач үрс байх хуулийг дахин баталсанд иргэд дургүйцэн ийнхүү эсэргүүцсэн юм.
2018 онд оюутнуудын шаардлагаар тус улс энэхүү хуулийг хүчингүй болгож байжээ.
Долдугаар сарын сүүлээр Бангладешийн дээд шүүх уг квотыг цуцалж, ердөө 5 хувийг ахмад дайчдын төрөл төрөгсдөд хуваарилах шийдвэр гаргасан ч ард иргэдийн бухимдлыг дарж чадаагүй байна.
Эсэргүүцэгчид ерөнхий сайдыг огцрохыг шаардаж эхэлсэн юм. Тэд Ерөнхий сайд Хасинагийн засгийн газыг эл эсэргүүцлийн үеэр жагсагчдад хэт их хүч ашигласан гэж буруутгажээ.
Өнгөрсөн хугацаанд тэмцэгчид болон цагдаагийн хүчний хооронд гарсан мөргөлдөөний улмаас 300 орчим хүн амиа алдсан бөгөөд зөвхөн өнгөрсөн ням гарагт гэхэд 90 хүн алагдсаны 13 нь цагдаагийн алба хаагч байв.
Энэ нь Бангладешийн орчин үеийн түүхэнд хамгийн олон хүн улс төрийн тэмцлийн улмаас амиа алдсан өдөр болжээ.
Өдгөө 76 настай ерөнхий сайд Шейх Хасина 2009 оноос хойш тус улсыг удирдаж байгаа бөгөөд түүнийг огцроход Бангладешийн цэрэг армийнхны шахалт нөлөөлсөн гэж ажиглагчид үзэж байна.