Долдугаар сарын 30-нд Их Британийн Саутпорт хотод 17 настай нэгэн “Hope of Hart” бүжгийн студид хичээллэж байсан хүүхдүүд рүү хутга барин дайрч, зургаагаас есөн настай гурван бяцхан охиныг хөнөөсөн хэрэг гарсан. Үүнээс гадна өөр таван хүүхэд, хоёр том хүн шархадсан байна. Халдлага үйлдсэн сэжигтнийг тэр даруйд нь баривчилжээ.
Цагдаа нар алуурчны зургийг харуулах, нэрийг нь хэлэхээс татгалзсан байна. Алуурчин лалын шашинт цагаач байсан гэсэн цуу яриа Саутпорт даяар тархжээ.
Үүний дараа Саутпорт хотод эсэргүүцлийн жагсаал эхлэв. "Хууль бус цагаачдын урсгалтай тэмцэж эхлэхээс өмнө дахиад хэдэн хүүхэд амиа алдах ёстой вэ?" гэсэн үгс жагсагчдын гол уриа болжээ.
Эсэргүүцэгчид болон хууль сахиулагчдын хооронд мөргөөлдөн болж, эмх замбараагүй байдал үүсжээ. Энэ байдал хэдхэн хоногийн дотор намжих нь байтугай тус улсын бусад хотуудад тархав.
Манчестер, Ноттингем, Лидс, Сток, Ливерпүүл зэрэг хотууд үймээн самуунд автав. Жагсагчдын гол цөм хөл бөмбөгийн фанатууд болон цагаачлалыг хязгаарлахыг эртнээс дэмжиж ирсэн хэт барууны хөдөлгөөнүүдээс бүрдэж байна.
Эсэргүүцлийн газарзүй улам тэлсээр өнгөрсөн шөнө Хойд Ирландад хүрч, католик болон протестант шашинтнууд хамтдаа гудамжинд гарч цагаачлалын урсгалыг эсэргүүцсэн байна. Хойд Ирландад удаан хугацааны туршид Христийн шашны дээрх хоёр урсгал хоорондоо бараг л иргэний дайны хэмжээнд зөрчилдөж байсан бол энэ удаад хамтран жагссан явдал нь орон нутгийн жишгээр гайхалтай үйл явдал болов.
Үймээн самууны явцад Сандреланд хотын цагдаагийн газар шатаж, гурван цагдаа шархадсан бол өөр хотод хүүхдийн номыг шариатын тухай номоор сольсон номын санг шатаасан байна.
Үүний хариуд "антифа" болон лалын шашинт "эргүүл" гудамжинд гарч, хэт барууныхантай мөргөлдөж эхэлжээ.
Сток-он-Трент хотод араб төрхтэй хүмүүс "Энэ бидний гудамж! Аллах акбар!” хэмээн хашгиран жагсагчдын нэгийг бүлэглэн зодож буй бичлэг цахим ертөнцөд тарж, үймээн самуун улам газар авсан байна.
Энэ үеэр дээрэм, тонуул ч идэвхжив.
Их Британийн эрх баригчид алуурчин цагаач байсан гэсэн “хуурамч мэдээ”-г ОХУ тараасан гэж мэдэгджээ. Гэхдээ үүнийгээ нотолж чадаагүй байна.
Зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл цагдаагийн газрын мэдэгдлийг иш татан хэрэгтэн нь “Их Британид төрсөн Аксел Рудакубана гэгч” хэмээн бичжээ.
Гэвч цагдаагийнхан өнөөг хүртэл түүний зургийг харуулахгүй байна. Эрх баригчдын үзэж байгаагаар тэр бол алан хядагч биш, харин сэтгэл зүйн асуудалтай “жирийн” британи хүн гэнэ .
Харин хэт барууны үзэлтэй блогчид 17 настай гэмт хэрэгтнийг Руанда гаралтай учир зургийг нь хүмүүст үзүүлэхгүй байна хэмээн мэдэгджээ