Улаанбаатараас Чойр чиглэлийн авто замын 258 дахь км энэ сарын 3-ны байдлаар үерийн улмаас ийнхүү эвдэрчээ
Нийслэлийн хэд хэдэн байршилд айлууд үерт автаж, тухайн бүсээс иргэдийг нүүлгэн шилжүүлжээ. Хан-Уул дүүргийн 12, 13, 14 дүгээр хороонд өнгөрсөн баасан гарагт Түргэний гол хүчтэй үерлэж, далан сэтэрснээс айл усанд автсан тул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс шуурхай арга хэмжээ авсан байна. Тодруулбал, тус дүүргийн 12 дугаар хорооны нутаг дахь Сонгинын хэсгийн дөрвөн айл үерт автсан аж. Мөн тус дүүргийн 13 дугаар хороонд оршин суудаг 117 айл үерт өртсөн гэнэ. Түүнчлэн 14 дүгээр хорооны 50 гаруй айл усанд автсан гэх дуудлагаар онцгой байдлын алба хаагчид газар дээр нь ажиллажээ. Нийслэлийн 26, 59 дүгээр сургуульд түр байр гаргаж, иргэдэд туслаж үзүүлж байгааг дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээлэв. Өдгөө сэтэрсэн даланг сэргээн засварлахаар ажиллаж буй юм байна.
Нийслэлийн Онцгой байдлын газрынхан уржигдар нийт 15 дуудлага хүлээн авчээ. Үүний дагуу онцгой байдлын алба хаагчид ажиллаж, 539.5 тн ус соруулж, 60 метр далан босгож, 40 метр шуудуу ухжээ. Мөн хоёр айлыг нүүлгэн шилжүүлж, 11 иргэнийг үерийн аюулгүй бүсэд хүргэсэн аж. Дээрх дуудлагын 10 буюу 66.6 хувь нь айлын гэр, хашаа усанд автсан, дөрөв нь нийтийн эзэмшлийн зам талбай усанд автсантай холбоотой байжээ.
Борооны улмаас орон нутгийн авто зам хэд хэдэн байршилд эвдэрчээ. Тухайлбал, Улаанбаатараас Чойр чиглэлийн авто замын 225, 233 дахь км-т үер бууж, хөвөө, далангийн хажуу нь эвдэрсэн байна. Мөн Мандалговиос Даланзадгад чиглэлийн авто замын 230, 266 дахь км-т үер бууснаас далангийн хажуу налуу угаагджээ. Хэнтий аймгийн Өндөрхаан сумаас Дорнодын Чойбалсан чиглэлийн авто замын хэсгийн 32-36 дахь км үерийн усанд угаагдсан тул сэргээн засварласан гэнэ. Улаанбаатараас Мандалговь чиглэлийн авто замын 61-62 дахь км-т үер бууж далан, хөвөө, хучилт усанд угаагдсан аж. Түүнчлэн Улаанбаатараас Чойр чиглэлийн авто замын 106, 137, 146, 158 дахь км нь эвдэрчээ.
Төв аймгийн Лүн сумаас Дашинчилэн, Батцэнгэл чиглэлийн авто замын 135 км-т 100 метр газар замын далан, хөвөө угаагдсан байна. Мөн Дашинчилэнгээс Булган чиглэлийн авто замын 30 дахь км-т байрлах Шувуутын хоолойг үерийн ус давж, автомашины хөдөлгөөнд саатал учруулжээ. Түүнчлэн Дархан-Уулаас Орхон аймаг чиглэлийн авто замын 170-171 км-т замын хоёр талын хөвөө усанд урссан гэнэ. Өвөрхангай аймгийн Хархориноос Цэцэрлэг чиглэлийн улсын чанартай авто замын 104-106 км нь үерийн усанд угаагдсан тул хөвөөг засварлах ажил үргэлжилж буй аж. Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт орсон борооны улмаас дээрх байршлуудад ийм эвдрэл гарчээ. Тиймээс орон нутгийг зорихоор бэлтгэж буй иргэд авто замын нөхцөл байдал, цаг агаарын урьдчилсан мэдээллийг сайтар нягтлахыг албаныхан сануулав.
Мөн Говь-Алтай аймгийн Нийгмийн даатгалын газрын байрны B1 дүгээр давхар энэ сарын 2-нд усанд автсан байна. Өвөрхангай аймгийн Арвайхээр сумд уржигдар 15.50-16.30 цагт орсон борооны улмаас нэг, хоёр, тав, ес, 12, 13 дугаар багт энэ сарын 1-нд гэр, байшин, автомашин, барилгын В1 давхар усанд автсан гэх 13 дуудлага орон нутгийн Онцгой байдлын газарт иржээ. Айлуудын гэр, хашаа нурсан тул үерийн бүсээс иргэдийг гаргасан байна. Энэ сарын 3-ны байдлаар Орхон голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 55 см-ээр нэмэгдсэн гэнэ. Тиймээс Хархориноос Бат-Өлзий сумын чиглэлд жолооч нарыг явахгүй байхыг аймгийнх нь Онцгой байдлын газраас анхаарууллаа.
Бэлтгэсэн А.Үүл