Парисын Олимпын триатлоны тэмцээний усан сэлэлтийн хэсэг нь Сена мөрөнд зохиогдож байгаа бөгөөд булингартай усанд сэлсэн тамирчдын бие муудаж зарим нь тэмцээнээ орхиход хүрчээ.
Өдөр тутмын усны дээжид гэдэсний нянгийн ноцтой илүүдэл илэрч байсан ч хэд хэдэн удаа хойшлуулсны дараа триатлончдыг тэмцээндээ орохыг шахаж, үзүүлэлтүүд хэвийн байгааг баталжээ.
Канадын триатлоны тамирчин Тайлер Миславчук барианд оронгуутаа бөөлжсөн бол Казахстаны тамирчин Екатерина Шабалина ус залгисан тул тэмцээнийг орхиход хүрэв.
Бельгийн тамирчин Жолиен Вермеулен VTM телевизээр ярихдаа "Би ус залгисан, өвдөх эсэх нь маргааш л мэдэгдэнэ ... Гүүрэн доогуур сэлж байхад өмхий үнэртэж, хэлмээргүй зүйлүүд харагдаж байсан" гэжээ. “Хэрэв уралдаан болохгүй бол зохион байгуулагчдын хувьд ичмээр зүйл болно лд доо” гэж тэрбээр мэдэгджээ.
1923 оноос хойш усанд нь сэлэхийг хориглож байсан Сена мөрнийг Олимпын тоглолтыг угтан 1.4 тэрбум евро зарцуулан цэвэрлэсэн ч олигтой үр дүнд хүрээгүй бололтой.
Олимпын нээлтийн өмнө Францын ерөнхийлөгч энэ мөчийг "түүхэн" гэж нэрлээд тун удахгүй Парисын хүн бүр голын тунгалаг усанд сэлж, зугаацах болно гэж амлаж байв.
Макрон Сена мөрнийг цэвэрхэн гэдгийг нотлохын тулд голд сэлнэ гэж байсан ч шинжилгээний хариуг үзээд амлалтдаа хүрээгүй байна. Харин оронд нь тус улсын Спортын сайд хатагтай Амели Оудеа-Кастера голын ус руу эв хавгүйхэн орсон ч усанд орсны хэсэг хугацааны дараа биеэр нь тууралт гарч, суулгалт өвчний улмаас долоо хоногийн чөлөө авсан гэсэн шуугиан хэвлэлээр цацагдаж байжээ.
Усны дээжийн үзүүлэлтүүд богино хугацаанд хэвийн байдалдаа орсон ч бороо дахин их хэмжээний бохир усыг мөрөн руу зутгажээ. Өөр нэг толгойны өвчин нь Парисын бохирын хоолой муудсан явдал аж.