Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хүдрийн овоолгыг ашиглаж байгаа “Ачит ихт” ХХК-ийн катодын зэсийн үйлдвэрийн нөхцөл байдалтай танилцсан талаар өчигдөр Засгийн газрын гишүүдэд мэдээлэл өглөө. Тус компанийн ашиглаж байгаа хүдрийн овоолго, катодын зэсийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд цахилгааны болон усны хязгаарлалт тавьсантай холбоотойгоор цөөрмийн дүүргэлт нэмэгдэж, далан халих, уусмалын ууршилт температурын бууралтаас хамаарч багасах зэрэг асуудал тулгарчээ. Мөн уусмалын хүчиллэг чанар буурч, зэсийн тунадас үүсэх, үйлдвэрийн шугам хоолой, тоног төхөөрөмжид талстжилт, тунадасжилт үүсэж, улмаар бөглөрөх нөхцөл бүрдсэн гэнэ. Тиймээс үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан хууль тогтоомжийн хүрээнд арга хэмжээ авч, асуудлыг шийдвэрлэхийг Засгийн газраас Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваанд даалгалаа.