Өвөрхангай аймгийн Тарагт сумын Их булаг багийн нутагт уржигдар аянга буусны улмаас 17 бог мал хорогджээ. Аянга бууж, зургаан хонь, 11 ямаа хорогдсон тухай дуудлага онцгой байдлын алба хаагчдад тухайн өдрийн 21.00 цагийн орчимд ирсэн аж. Алба хаагчид үүний дагуу газар дээр нь ажиллаж, сэг зэмийг өчигдөр устгасан гэнэ.
Мөн борооны улмаас Өвөрхангай аймгийн Хужирт сумаас Арвайхээр чиглэлийн улсын чанартай авто замын хэд хэдэн хэсэг эвдэрчээ. Тодруулбал, уржигдрын 15.00 цагийн үед хүчтэй аадар бороо орсноос авто замын хөвөө болон модон гүүр нурсан байна. Тус гүүрээр зорчих боломжгүй болсон бөгөөд яаралтай сэргээн засварлахаар зам хариуцагч “Өвөрхангай АЗЗА” ТӨХК-ийнхан ажиллаж буй гэнэ. Мөн уржигдар 14.00 цагт орсон аадрын улмаас Өмнөговь аймгийн Даланзадгадаас Шивээхүрэн чиглэлийн авто замын 23-30 дахь км-ийн таван цэгт хөвөөн урсан байна. Мөн 30 дахь км-т байрлах ус дамжуулах хоолой эвдэрчээ. Зам засах ажил өдгөө үргэлжилж буй аж.
Хэрлэн голын ус үерийн аюултай түвшнийг давснаас Төв аймгийн Баянжаргалан сумын Улаан-Ухаа багт нутаглаж байсан айлууд усанд боогджээ. Голын усанд боогдсон тухай дуудлагын дагуу тус аймгийн онцгой байдлын алба хаагчид ажилласан аж. Тухайн эрсдэлтэй бүсээс таван том хүн, найман хүүхдийг аюулгүй газарт хүргэжээ. Мөн алба хаагчид Манзушир хийд орчимд амарч байгаад үерт өртсөн иргэдийг ч аюулгүй бүсээс гаргасан гэнэ.
Бэлтгэсэн А.Үүл