ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байсан 21 настай залуу Улсын гуравдугаар төв эмнэлэгт нас барсан явдал энэ сарын 23-нд болсон. Уг асуудалтай холбоотойгоор УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд өчигдөр хэвлэлийн хурал хийлээ. Тэд үүнийг хүний эрхийн ноцтой зөрчил, эрүүдэн шүүлт, дэглэлт гаарсны нотолгоо гэж үзэж байна.
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа “Монгол Улс шинэ Үндсэн хуульдаа хүнлэг, энэрэнгүй нийгмийг цогцлооно гэж тусган, хүний амьд явах эрхийг баталгаажуулсан байдаг. Мөн энэ хуулиар хүнтэй хүнлэг бус харьцах, эрүүдэн шүүхийг хориглосон. Харамсалтай нь, Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжид заасан хүний үндсэн эрхтэй холбоотой эл заалтыг иргэнийхээ амь насыг хамгаалах үүрэгтэй батлан хамгаалах, хууль сахиулах байгууллагынхан хэрэгжүүлэхгүй байна. Хүний амь эрсдэх, хүчирхийлэл, дарамтад өртөх асуудал энэ салбарт тасрахаа байлаа. Үүний нотолгоо нь өнгөрсөн долоо хоногт харамсалтайгаар амиа алдсан 21 настай залуу болов. Батлан хамгаалах, хууль сахиулах байгууллагад бүх төрлийн хүчирхийлэл газар авсныг ХЭҮК удаа дараагийн илтгэлдээ дурдсан байдаг. Харамсалтай нь, үүний дагуу ямар нэгэн арга хэмжээ авсан ч нөхцөл байдал өөрчлөгдсөнгүй, хүчирхийлэл, дарамт зогссонгүй. Ардчилсан намын гишүүд энэ асуудлыг шийдэх чиглэлээр дорвитой арга хэмжээ авах ёстой, сонсгол зохион байгуулах нь зүйтэй гэж үзэж байна” гэв.
УИХ-ын хяналт шалгалтын болон Нийтийн сонсголын тухай хуульд зааснаар сонсгол явуулах санаачилгыг 15 гишүүн дэмжсэнээр зохион байгуулах боломж бүрддэг. Тэгвэл Ардчилсан намын бүлгийн гишүүд үүнтэй холбоотойгоор гарын үсэг цуглуулж эхэлжээ. Сонсголоор үндсэн хоёр асуудлыг ил тод болгож, нухацтай хэлэлцэх шаардлагатай гэж үзжээ. Нэгдүгээрт, хууль сахиулах, батлан хамгаалах байгууллага, тэр дундаа хорих ангиудад хүний эрхийг хэрхэн зөрчдөг, одоо нөхцөл байдал ямар байгааг хяналт шалгалтын үндсэн дээр тогтоож, нийтэд ил болгох гэнэ. Хоёрдугаарт, хүний эрхийн зөрчилтэй холбоотойгоор зохих шатны байгууллагуудаас өмнө нь гаргасан дүгнэлтүүдэд дүн шинжилгээ хийх нь. Түүнчлэн дарамт шахалт, дэглэлт, хэрэг мөрдөн шалгах явцад гаргадаг зөрчлүүдийг таслан зогсоох, гэрч, хохирогчийг хамгаалах тогтолцоо бүрдүүлэх чиглэлээр хууль, эрх зүйн хүрээнд өөрчлөлт хийх ажлын хэсгийг байгуулахаар хэлэлцэж байгаа аж.
УИХ-ын гишүүн Ж.Баясгалан энэ үеэр “Ардчилсан нийгмийн амин сүнс нь хүний эрх, эрх чөлөө байдаг. Хүний эрх, эрх чөлөө хаана хамгийн их зөрчигддөгийг шүүж харсаар багагүй хугацаа өнгөрлөө. Төрийн хамгаалалтад, түр саатуулагдаж буй иргэн амиа алдана гэдэг бол маш том гажуудал байгаагийн илрэл юм. Төрийн нууц, прокурорын зөвшөөрөл гэдэг зүйлээр халхавчилсаар бүх зүйл хаалттай явж ирлээ. Хаалтны цаана муу муухай зүйл өрнөсөөр байна” хэмээн ярив.
Бэлтгэсэн Н.Мишээл