Аадар борооны улмаас эвдэрч, сүйдсэн замуудаа бүрэн засаж дуусаагүй байхад дахин өөр чиглэлд зорчих хөдөлгөөнийг хязгаарлахаас аргагүйд хүрсэн талаар “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-аас мэдээлсээр байна. Тухайлбал, энэ сарын 20-24-нд орсон борооны улмаас Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас Хатгал, Дорноговийн Сайншандаас Замын-Үүд, Ханги боомт, Булганы Хутаг-Өндөрөөс Тэшиг чиглэлийн авто замд эвдрэл үүсэж, далан, гүүр, гүүрэн байгууламж нурсан тохиолдлууд гарсан. Энэ сарын 26-ны байдлаар гэхэд Эгийн гүүрний сэтэрсэн далан, Мөрөн-Хатгал, Сайншадын замд үүссэн нүхэн эвдрэлийг засахаар замын компаниуд шуурхай ажиллаж байгааг дээрх төвөөс мэдээлсэн юм. Тэгвэл А14 дугаартай, Ховд аймгийн Манхан-Булган сум чиглэлийн олон улсын чанартай авто зам өнгөрсөн амралтын өдрүүдэд хүчтэй аадар борооны улмаас мөн эвдэрчээ. 120-133 дахь км-ийн хооронд уулын чулуулгийн нуранги үүссэн тул зорчих хөдөлгөөнийг хаахаас аргагүй болжээ. “Ховд-АЗЗА” ТӨХК-ийн инженер, техникийн ажилчдын бүрэлдэхүүн эвдрэлийг засаж, хөдөлгөөнийг хэвийн болгохоор ажиллаж байгаа гэнэ. Тухайн хэсэг нь улсын хил чиглэлийн, хөдөлгөөний ачаалал ихтэй авто зам юм байна.