Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг Түр орлон гүйцэтгэгч Л.Мөнхтүшиг 2024 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Арабын Нэгдсэн Эмират Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Мухаммад Султан Мухаммад Гартаси Аль-Нуамиг хүлээн авч уулзан Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг нь хүлээн авлаа.
Уулзалтын эхэнд ТНБД-ын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Мөнхтүшиг Элчин сайдын үүрэгт ажилдаа албан ёсоор орж буйд нь баяр хүргэж, Арабын Нэгдсэн Эмират Улсын Засгийн газар Улаанбаатар хотод Элчин сайдын яамаа сэргээн ажиллуулахаар шийдвэрлэсэнд талархал илэрхийлэв. Мөн сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж буй хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг боломжит бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө Элчин сайдтай хамтран ажиллахад бэлэн байгаагаа мэдэгдэв.
Элчин сайд Мухаммад Аль-Нуами Монгол Улсад Элчин сайдаар томилогдон ирж буйдаа баяртай байгаагаа илэрхийлээд хоёр улсын хооронд дээд, өндөр түвшний айлчлал хэрэгжүүлэх, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд онцгой анхаарч, бүхий л хүчин чармайлтаа гарган ажиллахаа илэрхийлэв.