Энэ өдрүүдэд Завхан аймгийн Сантмаргац, Яруу сумд 100 жилийн ойгоо тэмдэглэж байна. Сантмаргаз сум нь 1924 онд байгуулагдсан, 239 183 га нутаг дэвсгэртэй, сумын төв Холбоо нь Улистайгаас 310 км Улаанбаатараас 1047 км зайд оршино. 2010 оны байдлаар Баяннуур,Баяндавс, Баян-Улаан, Холбоо гэсэн 4 багтай, 444 өрх 1664 хүн ам, 98839 толгой малтай сум юм. суманд Дэвтээрийн давсны ил ордыг ашиглаж байна. Энэ давсны чанар онцгой сайн болно. Эдийн засгийн гол чиглэл нь ямаа, хонь зонхилсон мал аж ахуй юм. Мянгат малчдын тоогоороо аймагтаа тэргүүлдэг Баян нуур нь загас агнуурын нөөцтэй, мөн Монгол элс, Баяннуур, Мухар, Хүнгийн голын байгалийн үзэсгэлэнт газруудын цогцолборыг ашиглан аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой юм байна.
Завхан аймгийн Яруу сум нь аймгийн нутаг дэвсгэрийн төв хэсэгт, мөн аймгийн төв Улиастай хотоос чанх хойд зүгт 56 км-ийн зайд, хотоос ойролцоогоор 1050 км-ийн зайд, Монгол улсын баруун бүс нутагт оршдог, 20 000 орчим хүн амтай сум юм. Яруу сумын нутаг эртнээс Богд Хаант Монгол Улсын үе хүртэл Халхын Засагт Хан аймгийн Сэцэн засгийн хошуу, Богд Хаант Монгол Улсын үед Сартуул сэцэн вангийн хошуу, 1924 онд Хан Тайшир Уулын аймгийн Цэцэн сартуулын хошууны нутаг дэвсгэрт багтаж байсан байна. Засаг захиргааны нэгжүүдийг 1924 онд шинээр зохион байгуулахад тус сумын нутагт Цэцэн сартуул, Шинэ хошуу, Ялгасан Хутагтын шавийн харьяанд байсан нутагт Бугат, Цогт-Уул, Чандмань-Өлзийт, Эрдэнэ-Уул сумуудыг байгуулсан байна. 1931 онд хийсэн өөрчлөлтөөр Чандмань-Өлзийт сумыг 13 багтайгаар Усан зүйл гэдэг газар төвлөрүүлэн байгуулжээ. Тус сум 1300 гаруй өрхтэй, 4000 гаруй хүн амтай, 140-өөд мянган толгой малтай, газар нутаг ихтэй, аймагтаа хамгийн том сумын нэг байв.
1952 онд Чандмань-Өлзийт сумаас өөрийн 6-12 дугаар багуудыг нутгийн байршлаар шилжүүлэн Цагаанхайрхан уулын баруун хэсэг Хайрхан худагт Эрдэнэхайрхан сумыг 7 баг, 88.6 мянган толгой малтайгаар төвхнүүлж, Чандмань-Өлзийт сум 9 багтай болж, 100 гаруй мянган толгой малтай одоогийн Яруу сум болон зохион байгуулагдсан. 1958-1959 онуудад Чандмань-Өлзийт, Яруу сумууд нийлж одоогийн Улаан-Эрэгт суурьшиж Яруу сумыг байгуулжээ.