Дорноговь аймгийн Сайншанд сумын төвөөс Хамрын хийд рүү явах авто зам үерийн улмаас эвдэрчээ. Уржигдар нэг цаг үргэлжлэн орсон борооны улмаас нөхцөл байдал ийн хүндэрч, автомашинаар зорчих аргагүй болсон аж. Тиймээс тус хэсгийн замыг өчигдрийн 12.00 цаг хүртэл түр хугацаанд хаав. Уг чиглэлийн зам өнгөрсөн зургаадугаар сард ч усанд автаж, эвдэрсэн юм. “Ус зайлуулах шугам сүлжээ дутмаг, зам засварын ажлыг нь дутуу гүйцэтгэснээс ийм явдал байнга гарч байна” хэмээн орон нутгийн иргэд шүүмжилж байлаа.
Түүнчлэн борооны улмаас Чойроос Сайншанд чиглэлийн авто замын 449-450 дахь км-т байрлах гүүрний хөвөө угаагдаж, зорчих хэсэг нь эвдэрчээ. Мөн нүхэн эвдрэл үүссэн байна. Дорноговь аймгийн Сайншанд сумаас Ханги боомт чиглэлийн авто зам 10 цэгт эвдэрч, зорчих хэсэгт үерийн ус давжээ. Дээрх замуудыг засах ажлыг “Дорноговь авто зам засвар арчлалт” ТӨХК хариуцаж буй юм байна. Иймд иргэд тус чиглэлд зорчихгүй байхыг “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ- аас анхаарууллаа.
Бэлтгэсэн А.Үүл