УИХ-ын 2024 оны долоодугаар сарын 10-ны анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын бүтцийн тухай хууль, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хууль болон түүнтэй хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хууль тогтоомжийн төслийг хэлэлцэж баталсан. Үүний дагуу Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг шинэчлэн баталж, зарим яамны нэр, эрхлэх асуудалд өөрчлөлт оруулсан юм. Засгийн газрын тухай хуулийн 12.4 дэх хэсэгт заасны дагуу Зарим яамны зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай Засгийн газрын тогтоолын төслийг өчигдөр хэлэлцэж баталлаа.
Засгийн газрын энэ сарын 17-ны хуралдаанаар яамны зохион байгуулалтын бүтцийг холбогдох хуульд заасан эрхлэх асуудлын хүрээ, яамны стратегийн тэргүүлэх чиглэл, үйл ажиллагааны эрхэм зорилгод нийцүүлж оновчтой тодорхойлж, яам, агентлагийн чиг үүрэг шилжсэн бол орон тоог хасаж, бууруулахгүй байх, Төрийн албаны тухай хуулийг чанд мөрдөж, төрийн жинхэнэ албан хаагчдыг чөлөөлж, халахгүй, орон тоо нэмэхгүй байхад анхаарахыг Ерөнхий сайд үүрэг болгосны дагуу уг тогтоолын төслийг боловсруулсан байна.
Мөн хуралдаанаар Хяналт үнэлгээний үндэсний хорооны бүрэлдэхүүн, ажиллах журам батлах тухай, “20 минутын хот” үндэсний хорооны бүрэлдэхүүн, ажиллах журам батлах тухай, “Алсын хараа 2050” салбар дундын уялдааг хангах үндэсний хороо байгуулах тухай Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэж батлав.